Бакалаврын мэргэжлүүдийн танилцуулга

АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ

Хөтөлбөрөөр олгох мэдлэг, эзэмших ур чадвар:

Уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдийн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах /уулын баяжуулах үйлдвэрийн технологийн үндсэн ба туслах процессуудыг хөтлөн удирдах, аливаа хийцийн тоног төхөөрөмжийн зураг дүрслэлийг уншиж ойлгох, ашиглах, зохион бүтээх/ чадваруудыг эзэмшсэн уул уурхайн баяжуулагч- инженер болно.

Мэргэжлийн зориулалт:

Олон улсын жишгийн түвшинд Уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх, үйлдвэрийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх чадвар арга, ажилгаанд сургаж бэлтгэнэ.

Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага:

Бакалавр зэрэгтэй инженер нь ашигт малтмалын баяжуулалтын үндсэн ба туслах процесс болох флотаци, гравитаци, соронзон ба цахилгаан баяжуулалт, уусгалт, бутлалт, нунтаглалт, өтгөрүүлэх, шүүн хатаах зэрэг процессуудын технологийн схем ба тоног төхөөрөмжийг сонгох, тооцоо хийх онол ба практикийн мэдлэг чадвар эзэмшсэн байна.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага :

Мэргэжилтэн нь баяжуулах үйлдвэрийн нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй, биеийн эрүүл мэнд сайтай, хариуцлага сахилга батыг дээдлэх хатуу баримтлалтай, цаг хугацаа орон зайн мэдрэмж сайтай хүн байвал зохино.

Ажлын байр :

Манай төгсөгчид Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэр, Оюу толгой Уулын баяжуулах үйлдвэр, Ухаа худгийн Нүүрс баяжуулах үйлдвэр, Алтайн хүдэр Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, Бороо гоулд Алтны хүдэр баяжуулах үйлдвэр зэрэг 90 гаруй Уулын баяжуулах үйлдвэрүүд, мөн Уул уурхайн салбарын Эрдэм шинжилгээний байгууллагууд, лабораториудад ажиллах өргөн боломж нээлттэй байна.


УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ТЕХНОЛОГИ

Хөтөлбөрөөр олгох мэдлэг, эзэмших ур чадвар:

Хүдэр, нүүрс, барилгын материал, бусад үйлдвэрлэлийн зориулалттай эрдсийн түүхий эдийг олборлох уул уурхайн үйлдвэр (уул уурхайн компаниудад), салбарын төрийн захиргааны байгууллагад инженер, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний байгууллагад ажилтнаар ажиллах, онол практикийн мэдлэг, чадвар эзэмшүүлнэ. Уул уурхайн олборлох үйлдвэрийн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах /ил, далд уурхайн үйлдвэрлэлийн үндсэн процессуудыг хөтлөн удирдах, технологийг боловсруулах, уурхайн туслах процессуудыг зохион байгуулах, уулын ажлын урт, дунд ба богино хугацааны төлөвлөлт, төслийн тооцоо хийх/ чадваруудыг эзэмшсэн уул уурхайн ашиглалтын инженер болно.

Мэргэжлийн зориулалт:

Үйлдвэрлэлийн зориулалттай эрдсийн түүхий эдийг ашиглах, уул уурхайн үйлдвэр, салбарын төрийн захиргааны байгууллагад инженер, мастер, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэнээр ажиллана.

Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага:

Инженерийн зураг болон тооцооны ухаан, үйлдвэрийн хэсэг цехүүдийн технологийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх онол практикийн мэдлэгтэй байхаас гадна хувь хүний эерэг хандлагатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах болон салбар, нийгэмлүү чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвартай болно.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага :

Уул уурхайн үйлдвэрийн технологийн процессыг удирдан явуулах, ашигт малтмалын ордын байршлын нөхцлийг тодорхойлох, олборлолтын технологи, ашиглалтын системийг тооцоолох, явцыг хянах, төлөвлөх, ашигт малтмалын ордын тооцоо судалгаа хийх, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх чадвар эзэмших арга ажиллагаанд суралцсан хүн байвал зохино.

Ажлын байр :

  • Геологи, хайгуулын багт орж ажиллах
  • Өрмийн машины
    • Туслах оператор
    • Оператор
    • Мастер
    • Цех, хэсгийн дарга
  • Тэсэлгээний хэсэгт
    • Тэсэлгээний туслах ажилтан
    • Тэсэлгээчин
    • Өрөмдлөг, тэсэлгээний ажлын технологийн паспорт боловсруулах ажилтан
    • Цех, хэсгийн дарга
    • Мастер
  • Экскаваторын
    • Оператор
    • Туслах оператор
    • Мастер
    • Цех, хэсгийн дарга
  • Зам овоолгын хэсгийн
    • Мастер
    • Цех, хэсгийн дарга
    • Тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн жолооч (автогрейдер, бульдозер, шанагат ачигч гэх мэт)
  • Уулын инженер
  • Уулын мастер
  • Уурхайн инженер
  • Уурхайн диспетчер
  • ТЭЗҮ боловсруулдаг компанид
    • Зураг төсөл гаргадаг хүн
    • Нөөц тооцоолдог хүн
    • Бусад бүх төрлийн ажлын байр


    МЕТАЛЛУРГА, МЕТАЛЫН ТЕХНОЛОГИ

    Хөтөлбөрөөр олгох мэдлэг, эзэмших ур чадвар:

    Хүдэр болон хоёрдогч түүхий эд материалаас цэвэр метал гарган авах, цэвэр метал боловсруулах үйлдвэрлэлийн технологийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, удирдах мэдлэг эзэмшинэ. Суралцагч оюутнууд нь хүдэр, баяжмал, металын материалын химийн найрлага бүтэц, шинж чанар, зориулалт ашиглалтын нөхцлийг тодорхойлох, уул уурхайн боловсруулах тоног төхөөрөмж, материал судлалын шинж ухаан, үйлдвэрлэл, бизнесийн орчинд хөрвөж ажиллах ур чадвартай болно.

    Мэргэжлийн зориулалт:

    Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн (Цэвэр метал, метал хийц) боловсруулах үйлдвэрийн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх, үйлдвэрийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх чадвар арга, ажилгаанд сургаж бэлтгэнэ.

    Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага:

    Материалын шинж чанар, бүтцийг тодорхойлох, ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, хар болон өнгөт, үнэт, газрын ховор металыг гарган авах, цэвэршүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд болон технологийг сонгох, системтэйгээр сэтгэн бодох мэдлэг, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай мэргэжилтэн.

    Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага :

    Металлургийн инженер нь эцсийн боловсруулах үйлдвэрийн нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй, биеийн эрүүл мэнд сайтай, хариуцлага сахилга батыг дээдлэх хатуу баримтлалтай, цаг хугацаа орон зайн мэдрэмж сайтай, бүтээлч сэтгэлгээтэй хүн байвал зохино.

    Ажлын байр :

    Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Бэрэн групп, Монгол алт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдмин, АчитИхт, Алтайн хүдэр, Ора метал зэрэг уул уурхайн боловсруулах үйлдвэр, аж ахуйн газруудад дарга, технологич инженер, мастер, лабораторийн эрхлэгч, судлаач инженер, хувийн жижиг, дунд үйлдвэрийн эзэн, технологич инженер, Төрийн ба төрийн бус байгууллагад албан хаагч, Их дээд сургууль мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаачаар ажиллах боломжтой.

    • Энэ нийтлэлийг хуваалцах