Он цагийн товчоон

      Технологийн сургууль нь хөгжлийн 41 жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон уул уурхайн бусад томоохон компаниудын 70 мянга гаруй нарийн мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудыг шинээр сургах, мэргэжил дээшлүүлэх, хос мэргэжил олгох сургалтуудыг явуулж, Монгол улсын уул уурхайн салбарын боловсон хүчин бэлтгэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

      Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль нь уул уурхайн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэжлийн ажилчид бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, эх орны уул уурхайн үйлдвэрлэл болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн техник, технологийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, зураг төсөл, хагас үйлдвэрлэлийн туршилтын ажил эрхэлж, “Сургалт + Эрдэм шинжилгээ + Үйлдвэрлэл”-ийн цогцолбор үйл ажиллагаагаа явуулж байна.

1975 он:

  • 1975 оны 4-р сарын 12-ны өдрийн хуралдаан болон хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн 2-р хурлын шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 1975 оны 9-р сарын 13-ны өдрийн 63 тоот тушаалаар уул уурхайн нарийн мэргэжлийн ажилчид бэлтгэх “Сургалтын төв”-ийг байгуулжээ.
  • 1975 оны 10 сарын 1-нд Сургалтын төв нь захирал, 2 багш, аж ахуйн нярав, үйлчлэгч, жижүүр гэсэн 7 орон тоо, 41 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ.

1977 он:

  • 1977 оны 9 сарын 1-нд Техник мэргэжлийн сургуулийн иж бүрэн цогцолбор “Сургалтын төв” ашиглалтанд орсон байна.

1979 он:

  • Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1979 оны 10 сарын 22-ны өдрийн 203 тоот тушаал гарч, “Сургалтын төв”- д уул уурхайн техникумын оройн салбар байгуулагдаж цаашид “Сургалт курсын комбинат” гэж нэрлэгдэх болсон.

1991-1993 он:

  • 1991 оны 6-р сараас спортын ордон, соёлын ордон, сувилал, амралтын бааз, сургалтын төвийг нэгтгэж “Эрүүл мэнд-соёлын төв”, түүний харьяанд 1991-1993 оны 4 сар хүртэл Сургалт-арга зүйн кабинет, 1993 оны 4-р сараас 1996 оны 9 сар хүртэл “Сургалт курсын комбинат” хэлбэрээр тус тус ажиллаж байжээ.

1996 он:

  • Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институттэй хамтран үйлдвэрийн боловсон хүчнийг 1994-2004 онуудад шинээр болон давтан бэлтгэх тухай “Боловсон хүчин хөтөлбөр”-ийг боловсруулж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх ажлын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор “Шаталсан сургалттай техникийн сургууль” байгуулах тухай Монгол улсын Техникийн их сургуулийн Ректорын болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 1996 оны 9-р сарын 19-ний өдрийн 455 тоот тушаал гарч Сургалт курсын комбинатыг “Шаталсан сургалттай техникийн сургууль” болгон өөрчлөн зохион байгуулсан юм.

1998 он:

  • Дээд боловсролтой уул уурхайн үндэсний инженерүүдийг бэлтгэн гаргах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын Гэгээрлийн Сайдын 1998 оны 12-р сарын 11- ний өдрийн 274 тоот тушаалаар “Шаталсан сургалттай техникийн сургууль“-ийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль болгон өргөжүүлж, сургалтын технологи, арга зүйн асуудлаар ШУТИС-д, удирдлага, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, өмч хөрөнгө, санхүү эдийн засгийн асуудлаар Эрдэнэт үйлдвэрт харьяалагдах болсон.

2001 он:

  • Монгол улсын уул уурхайн салбарын хөгжил болон уул уурхайн дээд боловсролтой үндэсний инженер техникийн ажилтнуудыг бэлтгэн гаргахад оруулсан гарамгай гавьяаг нь үнэлж, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 6 сарын 20-ны өдрийн шийдвэрээр Технологийн сургуулийг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит сургууль болгож, гэрэлт хөшөөг нь сургуулийн дэргэд босгосон юм.

2003 он:

  • Технологийн сургуулийн сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний чадавхи дээшилж, сургалтын арга технологи жилээс жилд боловсронгуй болж ирснийг Монгол улсын боловсролын асуудал эхэлсэн төрийн төв байгууллага Гэгээрлийн яамнаас баталгаажуулж Улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс анх удаа баталгаажуулж 2003 онд Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ тус тус олгосон.

2009 он:

  • Тус сургуулийг 2009 онд Монгол улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс хоёр дахь удаагаа 2019 он хүртэл 10 жилийн хугацаатай магадлан итгэмжилсэн байна.

2010 он:

  • Герман хэлний бэлтгэл анги хичээллэж эхлэв.
  • “Оюутан бид” оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжив.
  • “Оюу Толгой” ХХК-ийн зохиосон 1 жилийн сургалтыг 3 мэргэжлээр явуулав.
  • Орхон аймгийн ХХЧХ-тэй хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулав.
  • Төвийн бүсийн аргазүйн төвтэй хамтарсан гэрээний дагуу 10 мэргэжлээр Модуль хөтөлбөр боловсруулж өгөв.
  • ОХУ-ын Улаан-Үүд хотын инженер багшийн коллежтой хамтран ажиллах болов.
  • “МАК” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулав.
  • ХАБЭА-н хууль, НХХ-ийн сайдын 2009 оны 127 тоот тушаалын дагуу ХАБЭА-н сургалтын иж бүрэн хөтөлбөр хэрэгжиж эхлэв.
  • Сургууль үүсч хөгжсөний 35 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэв. /2010 он 10-р сар/
  • 5 орны 22 байгуулагатай хамтран ажиллах боллоо.

2011 он:

  • Эрдэм шинжилгээ - онол практикийн хурлуудыг 4 удаа зохион байгуулж, оролцсоны дотор “Мэдээлэл, холбооны технологи уул уурхайд” сэдэвт улсын анхдугаар хурлыг зохион байгуулав.
  • Сургуулийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, Профессорын багийн системээс тэнхимийн системд шилжив.
  • Удирдлагын “UNIMIS-3” цогц программыг ашиглалтанд оруулав.
  • Докторантур, магистрантурт 32 багш, ажилтнууд суралцан, Сургалт эрхэлсэн дэд захирал Ш.Сүхээ докторын (Ph.D) зэрэг, 7 багш магистрын зэрэг хамгаалав. 12 багш ажилтан багшлах эрхийн сургалтаар, гадаад, дотоодод 38 багш, ажилтан мэргэжил дээшлүүлэв.
  • “Оюу-Толгой” ХХК-ийн хандивласан тоног төхөөрөмж суурилуулах, угсралт, тохируулалтын ажлыг гүйцэтгэж БНСУ-ын “Койка” тусламжаар бэлэглэсэн кабинетийг хүлээн авав.

2012 он:

  • Технологийн сургуулийн механикийн тэнхим, ШУТИС-ийн МИС-ийн үйлдвэрлэлийн механикжуулалтын багийн хооронд сургалт, эрдэм шинжилгээний талаар хамтран ажиллах гэрээ байгуулав.
  • Ухаалаг самбар суурилуулах, Виртуал лаборатори байгуулах ажлыг хийв.
  • ШУТИС-ийн төвлөрсөн номын сангийн Lib4U программын Lib4U net Verson1,9 хувилбарыг авч номын сангийн автоматжуулалтад хэрэглэж эхлэв. Цахим номын сангийн төслийн хүрээнд 90240$-н техник хэрэгслийг хүлээн авав.
  • Лицей сургуулийн анги танхимыг шинээр байгуулж, суралцах нөхцөлийг эрс сайжруулав.
  • Монголын багш нарын 46 дахь өдрийг тохиолдуулан “Багш-Доктор, Багш-Шавь” өдөрлөгийг зохион байгуулав.

2013 он:

  • “Технологийн сургуулийг 2014-2024 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулж батлан гаргав.
  • “Эрдмийн баяр - Эрдэмтний өдөр”-т Доктор (Sc.D) П.Очирбат уригдаж, “Дэлхийд өрсөлдөх монгол баялаг” сэдвээр лекц, бүтээлийн үзэсгэлэн гаргаж сурталчлав.
  • Хөдөлмөрийн яамны хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зарлагдсан мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, дээшлүүлэх сургалтыг хэрэгцээ, захиалга, гэрээний үндсэн дээр зохион байгуулах сургалтын байгууллага шалгаруулах тендерт оролцон шалгарч Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулан 4 мэргэжлээр мэргэжил олгох сургалт зохион байгуулав. (82 хүнд)
  • 2013-2014 оны хичээлийн жилийн төгсөлтөөс эхлэн Технологийн сургуулийг Онцлох дипломтой төгссөн оюутанд Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллах эрхийн “БАТЛАМЖ” гардуулдаг болов. Анхны батламжийн эзнээр онц төгсөгч Э.Оюунболд тодров.

2014 он:

  • ШУТИС-ийн ректорын 2014 оны 3-р сарын 21-ны өдрийн А/48 тоот тушаалаар сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.
  • Номын сангийн байр, суудлын тоог нэмэгдүүлэв.(Оюутан бүрээр 60м2 талбайд 24 суудал)
  • Улаанбаатар хотноо Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр сургуулийн багш, эрдэмтдийн бүтээлээр үзэсгэлэн гаргав.
  • Монгол улсын Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулагдсан “Цахим хичээл-2015” улсын уралдаанд Цахилгаан механикийн тэнхимийн эрхлэгч Ц.Баяржаргал, А.Түвшинжаргал нарын “Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийг угсрах Виртуал лаборатори” сэдэвт хичээл тэргүүн байр эзлэв.

2015 он:

  • ШУТИС-ийн багш, ажилтны 5 төрөлт тэмцээнийг манай сургуулийн хамт олон амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд сургуулийн баг тамирчд амжилттай оролцож багийн дүнгээр 2-р байранд орж өргөмжлөл, цом мөнгөн шагналаар шагнууллаа.
  • Төрийн соёрхолт Н.Нацагнямын “Инженерийн глобалчлал” сэдэвт сургалт зохион байгуулагдаж Эрдэнэт үйлдвэр болон сургуулийн багш, инженерүүд хамрагдлаа.
  • СШУТ-ийн багш У.Амарзаяа “Бизнесийн байгууллага дахь хүний нөөцийн хөгжлийг үнэлэх арга зүйн асуудлууд” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.
  • ШУТИС-ийн математикийн олимпиадад УУАТ-1 ангийн оюутан Б.Батчулуун, АМБТ-2 ангийн оюутан Ш.Алтантулга нар хүрэл медаль, химийн олимпиадад АМБТ-1 ангийн оюутан Г.Батбаяр, 3-р байр, ТҮМ-3 ангийн оюутан М.Дорж 3-р байрыг тус тус эзэлж багийн дүнгээр 2-р байр, физикийн XXVII олимпиадад УУАТ-1 ангийн оюутан Б.Батчулуун тусгай байранд тус тус шалгарлаа.
  • “Эрдмийн шувуу” цомын төлөөх их, дээд сургуулиудын дунд зарласан “Эдийн засаг ба хөгжлийн менежментийн шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний XIII бага хуралд УУАТ-4 ангийн оюутан Б.Бат-Эрдэнэ, Г.Тэргэл нар тусгай байранд шалгарлаа.
  • Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Материалын эсэргүүцэл-2015” улсын 6-р олимпиадад УУМТТ-2 ангийн оюутан М.Баттэгш, УУМТТ-3 ангийн оюутан Н.Амарбат, Ц.Ган-Эрдэнэ нар амжилттай оролцож тусгай байранд шалгарав.
  • Мэргэжлийн боловсрол сургалтад мэдээллийн технологийг бүтээлчээр хэрэглэх, багшийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан суралцаж сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан “Шилдэг цахим хичээл-2015” улсын уралдаанд Эрчим хүчний тэнхимийн эрхлэгч Ц.Баяржаргал, багш А.Түвшинжаргал нарын бүтээл амжилттай оролцож “Тэргүүн байр” эзэллээ.
  • Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оюутнуудтай уулзаж, “Мэдлэгийн нийгэм” сэдвээр лекц, ярилцлага хийж сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
  • Сургуулийн захиргаа, төгсөгчдийн холбоо санаачлан 40 жилийн ойн хүрээнд волейболын тэмцээнийг төгсөгчдийн дунд зохион байгууллаа.

2016 он:

  • “Цахилгааны инженер” хөтөлбөрөөр анхны 23 оюутан эчнээгээр суралцлаа.
  • СШУТ-ээс санаачлан анх удаа Технологийн сургуулийн нэрэмжит “Математик-байгалийн ухааны хичээлийн олимпиад”-ыг Орхон аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулав.
  • Багш Б.Цэрэнханд, гэрээт багш Г.Энхбаяр нар докторын зэрэг хамгааллаа.
  • УУАТ мэргэжлээр төгсөгч Н.Булгантамир, АМБТ мэргэжлээр төгсөгч Р.Баяржаргал, ЦСА мэргэжлээр төгсөгч Б.Эрболд нар “Онцлох диплом”-той төгсөж, УУАТ мэрэгжлийн төгсөгч Н.Булгантамир ШУТИС-ийн “Шилдэг оюутан”-аар шалгарав.
  • УУЦТТА-3-р ангийн оюутан О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг монголчууд-2016” шоуны ялагчаар тодорч, Үндэсний авъяастан боллоо.
  • Монголын хөлбөмбөгийн “Оны шилдэг довтлогч” тамирчнаар УУАТ-4 ангийн оюутан С.Мижиддорж шалгарч “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо.
  • Өндөр хүчин чадалтай 40 компьютер бүхий лабораторийг шинээр байгуулав.
  • БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд

    БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ТЭТГЭЛЭГ:

    “Ашигт малтмал баяжуулалтын технологи” жишиг хөтөлбөр боловсруулах төсөл

    СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ:

    “Элэгдэлд тэсвэртэй металл хайлшин эд ангийн элэгдлийг лазерын шавхалтын аргаар сэргээн засварлах судалгаа” төсөл ОЮУТНЫ САНААЧИЛГЫН ТЭТГЭЛЭГ: “Book café байгуулах”, “Оюутны дотуур байранд хувцас цэвэрлэгээ, арчилгааны төвлөрсөн цэг байгуулах”, “Оюутны цахим хөдөлмөр зуучлалын систем“ төслүүд амжилттай хэрэгжиж байна.
  • Технологийн сургуулийг 2017-2020 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулав.

2017 он:

  • Чанарын менежментийн тогтолцоо-ISO 9001 стандартын танилцуулга, хэрэгжүүлэлт, манлайлал, бодлого тодорхойлох, төлөвлөлт зэрэг 10 гаруй сэдвээр 11 удаагийн зорилтот сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 414 хүн хамрагдсан байна.
  • “Чанар-бидний зорилт” хэлэлцүүлэг зохион байгуулж хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, хэлтэс, цехийн удирдлага, сургалтын үйл ажиллагаанд оролцогч мэргэжлийн байгууллагууд, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн профессор, багш нар оролцсон ба хэлэлцүүлгийн үр дүнд Технологийн сургуулийн “Чанарын бодлого”-ыг тодорхойлон баталгаажуулж оролцогчид гарын үсэг зурлаа.
  • Эрдэнэт үйлдвэр ХХК, Технологийн сургууль- ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний Судалгааны Техникийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд 1-рт: Эрдэнэт үйлдвэрт нэн шаардлагатай судалгааны төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх, 2-рт: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн инженер, техникийн ажилтнууд болон Технологийн сургуулийн багш, ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх, 3-рт: Багш, ажилтан, оюутан солилцож дадлагажуулах, 4-рт: Сургалтын чиглэлээр Орос хэл дээрх инженерийн бэлтгэл анги, Ашигт малтмалын баяжуулалтын технологи хөтөлбөрөөр 2+2 бакалаврын, Ашигт малтмалын баяжуулалт, экологийн аюулгүй байдал чиглэлээр магистрын хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх чиглэлд өргөжүүлж ажиллахаар боллоо.
  • Уралын холбооны их сургуультай металл судлал, технологи хөтөлбөрөөр 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах талаар санамж бичиг, гэрээ байгууллаа.
  • ОРОСЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН ОРОС ХЭЛНИЙ ТӨВИЙН САЛБАР-ыг Технологийн сургууль дээр нээх ёслолын ажиллагаа боллоо.
  • 11-р ангийн сурагч С.Сувданчимэг нь 11 жил дараалан А үнэлгээтэй суралцаж байгаа бөгөөд багшийн удирдлага дор өөрийгөө дайчлан хөгжүүлж олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцож, аймгийн Химийн олимпиадын аварга-алтан медаль 2 удаа, III байр-хүрэл медаль 1 удаа, Бүсийн Химийн олимпиадын аварга- алтан медаль 4 удаа, 2-р байр- мөнгөн медаль 4, 3-р байр- хүрэл медаль 1 удаа, Бүсийн физикийн олимпиадын аварга-алтан медаль 1 удаа, Улсын химийн олимпиадын дэд аварга-мөнгөн медаль 1 удаа, шагналт байр 1 удаа тус тус хүртсэн. 2017 оны 7-р сард зохион байгуулагдсан Олон Улсын Химийн 49-р олимпиадад амжилттай оролцож, 3-р байр эзлэн “Хүрэл медаль” хүртсэн байна.
  • 2016-2017 оны хичээлийн жилд нийт 218 оюутан төгссөнөөс үнэлгээний голч дүн 3,6 -аас дээш 8 оюутан төгсөж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаас Эрдэнэт үйлдвэр ХХК-нд ажиллах “Батламж” гардан авлаа. 2016-2017 оны хичээлийн жилд Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр оюутан Э.Энхбаяр, Б.Өлзийтулга, Ц.Гансүх, Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр оюутан Н.Шинэ-Од, Мэдээллийн технологи мэргэжлээр оюутан П.Батмаа, Б.Пүрэвлхам, Төмөрлөгийн үйлдвэрлэл, металлурги мэргэжлээр оюутан Г.Түвшинбат нарын 8 оюутан “Онцлох дипломтой” төгслөө.
  • Монгол Улсын гавьяат багш төрлөө. Багш С.Мэнджаргал нь 27 жил тасралтгүй ажиллахдаа суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тусгайлан бэлтгэл хичээл зааж, олимпиад уралдаанд шавь нараа тогтмол оролцуулснаар аймгийн химийн олимпиадаас 40 гаруй, бүсийн олимпиадаас 25, улсын олимпиадаас 10 гаруй, Олон улсын олимпиадаас Хүрэл медалийг тус тус хүртсэн байна.
  • Физикийн багш Э.Амарбаясгалан нь Аймгийн Физикийн олимпиадын аварга 7 удаа, Улсын физикийн олимпиадад дэд аварга-мөнгөн медаль 2 удаа, хүрэл медаль 1 удаа, тусгай байр 1 удаа тус тус эзэлж байлаа. 2016-2017 оны хичээлийн жилд улсын физикийн олимпиадын дэд аваргаар 2 дахь удаагаа шалгарлаа.
  • “Технологийн сургуулийн өдөр” –ийг анх удаа зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд сургуулийн удирдлага, багш, ажилтнууд, оюутан суралцагчид болон төгсөгчдийн парад жагсаал Технологийн сургуулиас төв талбай хүртэл явагдлаа. Сургууль сурталчлах нээлттэй хаалганы өдрийг төв талбайд зохион байгуулж, албад, нэгж, тэнхимүүд мэргэжлийн хөтөлбөр болон сургалтын талаар танилцуулцуулж, нийт 3000 гаруй хүнд сурталчилгаа хийсэн байна. Мөн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, шатрын зэрэг тоглолт, баярын цэнгүүн урлагийн тоглолтууд зохион байгуулагдлаа.
  • Дээд боловсролын шинэчлэл, Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх ажлын хүрээнд 8 мэргэжлийн хөтөлбөрийг шинэчлэн, сайжруулах ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд Оюутны хөгжил- бидний манлайлал, Хөтөлбөрийн шинэчлэл, хөтөлбөрийн үр дүнг сайжруулах, ажил олгогчийн эрэлтэд нийцсэн чанартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд хөтөлбөрийг хэрхэн сайжруулах чиглэлийн сургалтуудыг зохион байгуулж, 7 удаагийн сургалтаар давхардсан тоогоор 360 гаруй багш, ажилтан, ажил олгогч, хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд хамрагдлаа.

2018 он:

  • Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO9001:2016 стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээ гардан авсан.
  • Үр дүнд суурилсан сургалтын 7 мэргэжлийн хөтөлбөр боловсруулж, энэ хүрээнд нэгж хичээлийн 272 хөтөлбөр боловсруулж дууслаа.
  • ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Штефан Дуппел, Япон улсын Нагоя, Акита их сургуулийн профессор, багш нар Технологийн сургуульд, Технологийн сургуулийн профессор багш нар Япон улсын Нагоя их сургууль, Аяама Гакү, Ёокохама их сургууль, Хонг конгийн их сургууль, ОХУ-ын Эрхүү хотын үндэсний судалгааны их сургуульд харилцан зочилж, хамтын ажиллагаа өргөжсөн.
  • “Технологийн сургуулийн өдөр” арга хэмжээний хүрээнд “Шилдэг Бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч нарын зөвлөгөөн” хийлээ. Зөвлөгөөнд Улаанбаатар хотоос 4 байгууллагын 30 гаруй бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч, Чанарын мэргэжилтэн, Кайзен бүтээмжийн хорооны гишүүд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 21 цех, хэсгийн шилдэг 40 бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагаа, сайн туршлагатай танилцаж, илтгэлүүдийг хэлэлцэн, харилцан санал солилцож туршлага судлав.
  • Олон улсын химийн 50-р олимпиад Чех болон Словак улсад амжилттай зохион байгуулагдаж, Монгол улсаа төлөөлөн 4 сурагч оролцсоноос Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч С.Сувданчимэг амжилттай оролцож, Хошой хүрэл медаль хүртэж онцгой АМЖИЛТЫН ЭЗЭН боллоо.
  • Уул уурхайн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах “МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАР 95 ЖИЛ“ бага хуралд Уул уурхайн техник технологи-4 ангийн оюутан Ч.Итгэлтбаатар “БелАЗ-75131 -автосамосвалын эргэлтийн цилиндрийн эдэлгээг уртасгах боломжийн судалгаа” сэдвээр тэргүүн байр, 1.000.000 төгрөгийн мөнгөн шагнал; Уул уурхайн техник технологи -4 ангийн оюутан М.Ням-Очир, М.Тэнгис “КМД маркын бутлуурын хуяг сэргээн засварлах боломжийн судалгаа” сэдвээр дэд байр, 750.000 төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
  • “Монгол инженер 2018 нэгдсэн” арга хэмжээ ШУТИС дээр зохион байгуулагдаж, нийт 13 их, дээд сургуулийн 200 гаруй оюутнууд оролцлоо. Инженерийн зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжсэн уг уралдаанд Уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлийн 3-р курсын О.Ганбат, Б.Ганбаатар, Д.Раднаадаш, Б.Бямбадорж, Ц.Дарханхүү, Уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлийн 4-р курсын оюутан Э.Эрдэнэбулган нар багаараа дэд байранд шалгарлаа.
  • Орхон аймагт зохион байгуулагдсан “Эрдэнэтийн ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадад Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн 21 сургуулийн шилдэг 105 сурагч оролцож мэдлэг, чадвараараа өрсөлдлөө. Олимпиадад Ахлах сургуулийн I байр 12-р ангийн сурагч С.Сувданчимэг, II байр 12-р ангийн сурагч Т.Цэлмэг, III байр 12-р ангийн сурагч А.Мөнхзаяа нар эзэлж, сурагч С.Сувданчимэг 114 оноогоор Улсын хэмжээний үнэмлэхүй амжилтыг тогтоолоо. Олимпиадын “Шилдэг сургууль”-иар Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургууль шалгарлаа.
  • 2017-2018 оны хичээлийн жилд Үнэлгээний голч дүн 3,2-оос дээш төгссөн Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр Э.Чулуунсүх, У.Булган-Эрдэнэ, Б.Батчулуун, П.Сарантуяа, Д.Даваасүрэн, цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр А.Баттулга, Т.Нандинзул, Д.Гэрэлмаа, Мэдээллийн технологи мэргэжлээр Г.Пүрэв-Ойдов нарын 9 оюутан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаас Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллах Батламж гардан авлаа.
  • Үйлдвэрийн 40 жилийн ойгоор төр, засгийн шагналаар 9 багш, ажилтан шагнагдлаа.
  • Технологийн сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд зохион байгуулсан, сургалт эрдэм шинжилгээ, олон нийтийн ажлын үр дүн, тайланг хэлэлцүүлэх “Эрдмийн тайлан-2018” арга хэмжээ зохион байгуулав.

2019 он:

  • Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлж баталгаажуулалтын аудит хийлгэж, гэрчилгээ гардан авлаа.
  • Технологийн сургууль нь дотоод аудиторуудаа чадавхжуулах зорилгоор Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын тэргүүлэх аудиторын сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан 8 багш ажилтан ISO 9001:2015 стандартын тэргүүлэх аудиторын гэрчилгээ гардан авлаа.
  • Технологийн сургууль “Эрдэнэт-40” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
  • ШУТИС-ийн “Хүндэт профессор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, Технологийн сургуулийн Уул уурхайн тэнхимийн зөвлөх, доктор Д.Нямдорж, доктор Д.Цогтхангай, гэрээт багш П.Оюунсүрэн нар, ШУТИС-ийн “Профессор” цолыг ерөнхий баяжуулагч, Уул уурхайн тэнхимийн зөвлөх техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Төрийн Соёрхолт, Гавьяат уурхайчин Ж.Баатархүү нар хүртлээ.
  • Малайз улсын Пенан хотноо 2019 оны 09-р сарын 10-20 өдрүүдэд болсон Ази, Номхон далайн орнуудын ахмад мастеруудын аварга шагаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсын шигшээ багт Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш спортын мастер Д.Цэгмид тоглож Алтан медаль хүртлээ.
  • Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын хоёрдугаар олимпиадыг зохион байгууллаа. Тус олимпиадад Ахлах сургуулийн 12-р ангиас оролцсон 5 сурагч эхний 10 байранд шалгарч, багийн нийлбэр дүнгээр 1-р байр эзэлж, 2 дахь удаагаа аварга боллоо.
  • ШУТИС-ийн оюутны физикийн XXXI олимпиадад Цахилгааны инженер-1 ангийн оюутан Г.Одмаа 3-р байр, математикийн олимпиадад багийн дүнгээр 3-р байранд шалгарсан амжилт гаргалаа.
  • “Эрдэнэс таван толгой” ХК-иас зохион байгуулсан Дэлхийн жишиг уул уурхай Эрдэм шинжилгээний хуралд шилдэг 25 илтгэл шалгарснаас УУМТТ-4 ангийн оюутан О.Ганбат 3-р байранд шалгарч, өргөмжлөл нэг сая төгрөгөөр шагнуулсан.
  • Дарханы Технологийн сургуулиас зохион байгуулсан “Цахилгаан хангамжийн улсын 6-р олимпиад”-д нийт 15 баг чадвар, мэдлэг сорьсноос Технологийн сургуулийн С.Будхүү багштай Эрдэнэтийн 2-р баг Дэд байр, Ч.Отгончимэг багштай Эрдэнэтийн 1-р баг гуравдугаар байруудыг тус тус эзэлсэн. Мөн хувийн амжилтаар Цахилгаан систем автоматжуулалтын -4 ангийн оюутан Б.Амарбуянт 2-р байрыг эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.