“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас Япон улсын Нагоя Их сургуультай хамтрсан, бага ангийн сурагчдад зориулсан “Earth Class” хөтөлбөр 2023 оны 7-р сарын 5-наас 12-ны хооронд амжилттай хэрэгжиж дууслаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой, 9-11 насны 7 сурагч эцэг эхийн хамт 7-р сарын 5-12-ны өдрүүдэд Нагоя Их сургууль дээр жил бүр зохион байгуулагддаг Байгалийн шинжлэх ухааны “Earth Class” хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ Японы Шинжлэх ухааны үндэсний музей болон Нагоя хотын Шинжлэх ухааны музейгээр зочилж эртний хүмүүсийн чулуун зэвсгийн үүсэл хөгжил, чулуужсан олдворууд, орчин үеийн техник технологийн хөгжил дэвшлийг үзэж сонирхлоо. Мөн Япон улсын үзэсгэлэнт газрууд болох Фүжи уул, Одайба арал, Номхон далайн эргээр зочилж, Диснейланд, Лааны тосон музей, Сэнсожи хийд зэрэг газруудаар дурсамж дүүрэн аяллаа.
Энэ удаагийн “Earth Class” хөтөлбөр нь анх удаа гадаад сурагчдыг хамруулснаараа онцлог болсон бөгөөд Нагоя их сургуулийн музейн профессор Кадоваки Сэйжи болон дэд профессор Цукада Казухиро нарын удирдлага дор Монгол хүүхдүүд хоёр өдрийн турш шинжлэх ухааны онол болон дадлага хичээлд хамрагдлаа. Анхны зочин суралцагчаараа Монгол хүүхдүүдийг урьсандаа сэтгэл хангалуун байгаагаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийлсэн юм. “Earth Class” хөтөлбөр нь бага ангийн сурагчдад шинжлэх ухааны тухай ойлголт өгөх, ирээдүйд Байгалийн ухаан – инженерчлэлийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдэд мэргэжил сонгох чиг баримжаа олгох зорилготой бөгөөд Монголын улсын Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангид суралцагч, Байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой, 9-11 насны хүүхдүүд жил бүр хамрагдах боломжтой.
Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр зөвхөн бага ангийн сурагчдад шинжлэх ухааныг сурталчлах бус, Монгол улсад дутмаг байдаг инженерчлэлийн салбарын ажиллах хүчийг ирээдүйд нөхөхөд хувь нэмэр оруулахыг зорьж байна.