Бидний тухай
Эрдэнэтийн Овооны дэргэд
Эрдмийн Овоо сүндэрлэх болтугай
Эрдэнэт цогцолбор их сургуулийн захирал, Доктор (Ph.D) Д.Заяабаатар
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрдэнэт цогцолбор их сургууль нь 1975 онд Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэд сургалтын төв нэртэйгээр байгуулагдаж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлсэн ба 1996 оноос ШУТИС-ийн харьяа Технологийн их сургууль болсноор бакалаврын зэрэгтэй инженер бэлтгэж эхэлсэн түүхтэй. Тус сургууль нь 2025 оны байдлаар 220 гаруй мянган хүнд уул уурхайн нарийн мэргэжил шинээр олгох, мэргэжлийн зэрэг ахиулах, хос мэргэжил эзэмшүүлэх сургалтуудыг явуулахын зэрэгцээ 462 техникийн дунд боловсролтой, 2698 бакалаврын зэрэгтэй, 766 магистрын зэрэгтэй уул уурхайн инженерүүдийг бэлтгэсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” болон Монгол улсын уул уурхайн салбарын нарийн мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтнуудаар хангаж байна. Түүний дотор Оюу толгойн үйлдвэрийн анхны 465 нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэн гаргаж, шинэ зууны уул уурхайн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан юм.
Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор их сургуулийн хамт олон бид Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр 4 удаа бие даан магадлан итгэмжлэгдсэн мөн MNS ISO 9001:2016 , MNS ISO 21001:2021 менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлж гэрчилгээ авсан, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг цорын ганц боловсролын байгууллагад ажиллаж байгаагаараа бахархаж, эрч хүч авч ажилладаг.
Боловсролын ЧАНАРТАЙ үйлчилгээг инженер, техникийн мэргэжилтэй болох хүсэлтэй хүн бүрд хүргэхийн тулд бид инженерийн боловсролын CDIO санаачилгад нэгдэн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрүүд боловсруулсан. Бид боловсролын үйлчилгээнийхээ чанарт итгэл дүүрэн байгаа учраас үнэлгээний голч дүн нь 3,4 дээш төгссөн оюутан бүрд ажлын байраар хангах батламж гардуулдаг цорын ганц сургууль юм.
Та бүхнийг манай сургуульд суралцаж боловсролын ЧАНАРТАЙ үйлчилгээ авахыг урьж байна.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 224-р тогтоолоор тус сургуулийн үйл ажиллагааг өргөтгөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгосон. Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалтын ангилал тогтоох шалгуурт амжилттай хамрагдаж, Боловсролын сайдын 2025 оны 06 сарын 05-ны өдрийн А/311 тоот тушаалаар Эрдэнэт цогцолбор их сургууль болсон.
Манай сургуулийн хамт олны
- 01
Алсын хараа
Дэлхийн жишиг, Монголын бахархал
Сургалт-Эрдэм шинжилгээ- Үйлдвэрлэлийн цогцолбор байна.
- 02
Эрхэм зорилго
Сургалт – Эрдэм шинжилгээ – Үйлдвэрлэлийн таатай орчин бүрдүүлж, үр шим хүртэгчдийн шаардлагад нийцсэн өрсөлдөх чадвартай боловсролын үйлчилгээ үзүүлнэ.
- 03
Уриа
Бид:
Эрдэнэтийн овооны дэргэд
Эрдмийн овоо сүндэрлүүлнэ.
- 04
Үнэт зүйл
Teamwork – Бид хамтын шийдвэр гаргаж, багийн гишүүн бүрийн оролцоотойгоор ажлыг үр бүтээлтэй, цаг хугацаанд нь гүйцэтгэнэ.
- 05
Эрдэнэт цогцолбор их сургуулийн 2026 оны чанарын зорилтууд:
Зорилт 1. Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх
Зорилт 2. Суралцахуйн шинэчлэл
Зорилт 3. Эрдэм шинжилгээ, инновацийн төгөлдөршил
Зорилт 4. Нийгмийн хариуцлага, хамтын хөгжил
Зорилт 5. Менежментийн тогтолцоо, манлайлал
Он цагийн товчоон
Тус сургууль нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон уул уурхайн бусад томоохон компаниудын нарийн мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудыг шинээр сургах, мэргэжил дээшлүүлэх, хос мэргэжил олгох сургалтуудыг явуулж, Монгол улсын уул уурхайн салбарын боловсон хүчин бэлтгэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
Уул уурхайн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэжлийн ажилчид бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, эх орны уул уурхайн үйлдвэрлэл болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн техник, технологийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, зураг төсөл, хагас үйлдвэрлэлийн туршилтын ажил эрхэлж, “Сургалт + Эрдэм шинжилгээ + Үйлдвэрлэл”-ийн цогцолбор үйл ажиллагаагаа явуулж байна.
Сүлд дуу
Энэ дууг 2002 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 25 жилийн ойг угтаж зохион байгуулсан “Эрдэнэсийн эзэд” урлагийн наадмын үеэр яруу найрагч Д.Дашдондов үгийг нь бичиж тус сургуулийн багш У.Наранмандах ая оруулан оюутнуудынхаа хамт дуулж, олны сонорт анх удаа хүргэж урлагийн наадмын шинэ уран бүтээлийн шагнал хүртсэн юм. Тэр цагаас хойш энэ дуу манай сургуулийн сүлд дуу болон дуулагдаж байна.
Технологийн Сургууль
Эрин зууны манлай Эрдэнэтийн
Эрдэм ухааны уурхай болсон
Маргад эрдэнэ номын гэгээтэй
Манай сургууль сайхан сургууль аа
Чанад нууцын аргад нэвтрэх
Чандмань эрдэнийн шидэт түрхүүрийг
Атгуулж өгсөн ачтай сургуулиа
Амьдрал туршдаа хайрлаж явья даа
Хээнцэр ганган оюутны жилүүд
Хэцүүг давсан шалгалтын өдрүүд
Хэний ч өмнө нүүр улайхгүй
Хичээж олдог сайхан мэргэжил
Олны төлөө амиа зориулсан
Отгонтэнгэрийн цуутай хүүгээр
Овгийн алтан үсгээ сийлсэн
Оюун ундрах суутай сургууль аа









