Эрдэнэт цогцолбор дээд сургууль

МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ /2+2/ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдах зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллах хүчин бэлтгэх зорилгоор “ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны Их Сургууль”-тай хамтран Металлурги, металлын технологи мэргэжлээр “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрөөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд бэлтгэгдсэн эхний 10 оюутан энэ сарын дундуур ОХУ-ын Уралын Их сургуульд үргэлжлүүлэн суралцахаар Екатеринбург хотыг зорих юм.

Үүнтэй холбогдуулан сургуулийн захиргааны зүгээс оюутнуудтай уулзалт хийн, гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний зорилго нь оюутан тус сургуульд суралцах болон Уралын Холбооны Их Сургуульд шилжин суралцах, төгсөж ирээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний дагуу ажиллах хугацаан дахь харилцагч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах юм. 

Уулзалтын төгсгөлд захирал Д.Зоригтхүү оюутнуудад хандаж “Та бүхний хичээсний үр дүн өнөөдөр гарч байна. ЭЕШ-даа бэлдэхээс эхлээд цаг ямагт хичээж, хөдөлмөрлөсний үр дүнд маш том боломжийг атган, “Анхдагчид” хэмээх нэрийн эзэд болж алсыг зорихоор боллоо. ОХУ-д суралцах хугацаандаа зорилгодоо төвлөрөн, улам их хөдөлмөрлөж сайн Металлургич инженер болон төгсөж дараа дараагийн оюутнууддаа үлгэр дуурайлал болоорой. Эзэн хичээвэл, заяа хичээдэг юм шүү” хэмээн захиж сурлагын амжилт хүсэв. 

Нийт оюутнууддаа сурлагын өндрөөс өндөр амжилт хүсье.

Энэ нийтлэлийг хуваалцах :