Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“Амьдрал бол Аялал” клубийн үйл ажиллагаа Соёолон Интернэшл ХХК, “Бадрах Энержи ” ХХК-тай танилцах үйлдвэрийн аяллаар үргэлжилж байна. 

Уг аяллыг уул уурхайн тэнхимийн ахлах багш  Ж. Эрдэнэзулын санаачилгаар тус сургуулийн уул уурхайн тэнхим, политехник коллежийн ашигт малтмалын баяжуулалтын технологи чиглэлийн 13 оюутны бүрэлдэхүүнтэй ахмад багш Б. Мажинбуу хариуцаж  амжилттай зохион байгууллаа. 

Клубийн энэхүү ээлжит үйл ажиллагааг оюутнуудын мэргэжлийн чиг баримжааг бататгах, мэргэжлийнхээ талаар илүү мэдлэг, мэдээллийг олох, практик туршлага авах, ирээдүйн ажлын байрны талаар ойлголтыг судлуулах зорилгоор 2024 оны 5 сарын 9-ны өдөр Соёолон Интернэшнл ХХК,  10-ны өдөр “Бадрах Энержи ” ХХК гэсэн маршрутаар аялууллаа.

Үндэсний хөрөнгө оруулалттай “Соёолон Интернэшнл” ХХК нь уул уурхай, ашигт малтмал баяжуулах, боловсруулах салбарт дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн Монгол дахь онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллаж ирснээс хойш инженеринг, ханган нийлүүлэлт, угсралт, үйлдвэрийн ашиглалт, засвар үйлчилгээг иж бүрэн үзүүлж, дэвшилтэт техник, технологийг мэргэжлийн ур чадвартай хослуулан эх орныхоо баялаг бүтээх үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой компани юм. Мөн ТЭЗҮ зураг төсөл, технологийн туршилт судалгаа, технологийн сонголт, процессын загварчлал, техникийн үйлчилгээ, инженерийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. 

“Соёолон Интернэшнл” ХХК-иас шинэ төгсөгч оюутнуудыг дадлага туршлага шаардахгүйгээр ажлын байраар хангаж, уян хатан нөхцөлтэй хүний нөөцийн бүрдүүлэлт хийж байгаа нь оюутнуудын анхаарлыг татаж байсан юм. Тус компанид явагдаж байгаа төслийн ажил хэрхэн ямар зарчмаар явагдаж, ТЭЗҮ, зураг төслийн ажлын үйл явцууд, эрдэм шинжилгээ судалгааны ажлын талаар аяллын явцад ойлголт олж авсан.

Монгол-Францын хамтарсан Бадрах Энержи ХХК нь Дорноговь аймгийн нутаг дахь дэлхийн хэмжээний Зөөвч-Овоо ураны ордыг ашиглах, цаашлаад Монгол улсад уран олборлолтын салбарыг хөгжүүлэх зорилготой компани юм. Бадрах Энержи ХХК нь Монгол улсын төрийн өмчит Мон-Атом ХХК (34 хувь), Франц улсын төрийн өмчит Орано группийн (66 хувь) хамтарсан компани билээ. Кожеговь ХХК-ийн геологичдын нээн илрүүлсэн Зөөвч-Овоо ураны орд нь сүүлийн 20 жилд дэлхий дээр илрүүлсэн 10 том ордын нэг болсон. Зөөвч-Овоо орд 93,290 тонн, Дулаан ул 11,896 тонн ураны нөөцтэй. Бадрах Энержи ХХК нь манай клубийн үйл ажиллагааг дэмжиж 2 дахь удаагаа хүлээн авч аяллыг зохион байгуулахад ихээхэн тусламж үзүүлж байна. Аялагч оюутнуудад ураны талаар болон газар доор уусган олборлох арга, баяжуулах үйлдвэрийн процессыг өөрийн нүдээр үзэж танилцах практик мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм.

Газрын доор уусган олборлох арга нь олборлолтын уламжлалт аргууд болох ил болон гүний уурхайгаар олборлох боломжгүй элсэн чулуун дахь ураны ордыг олборлоход ашигладаг арга юм. Тус аргаар бусад металл, тухайлбал зэс олборлодог. Өнөөдөр дэлхийд олборлож байгаа ураны ойролцоогоор 48 хувийг тус аргаар олборлож байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :