Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

Энэ өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд нийт багш, сурагч, оюутнууд болон үе үеийн ахмад, гавьяат багш нар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага, хамтран ажиллагч түнш байгууллагуудын төлөөллөөс гадна онцлох зочноор Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг, хүү С.Гэсэрийн хамтаар оролцлоо.

2024-2025 оны хичээлийн жилд тус сургууль бакалаврын хөтөлбөртөө 320 орчим оюутан шинээр элсүүлж магистр, бакалавр, Коосэн технологийн коллеж, Кембриджийн хөтөлбөртэй ахлах сургуульдаа элсэлт авч нийт 1000 гаруй оюутан суралцагч, 160 орчим багш, ажилтантайгаар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилтуудаа онцлон дүгнэж нийт 22 шилдэг оюутан, суралцагч, багш нар уламжлалт тэтгэлэг, урамшуулал хүртлээ. Үүнд:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас сургалтын төлбөрийн 30-100%-ийн тэтгэлэг буюу нийт 29.0 сая төгрөгийн тэтгэлгийг 17 оюутан, сурагч
  • Ш.Отгонбилэг агсны үүсгэн байгуулсан “Монгол 21” сангаас нийт 8.4 сая төгрөгийн тэтгэлгийг 2 оюутан, 1 багш
  • Хамтран ажиллагч “Капитрон” банкны нэрэмжит 2.0 сая төгрөгийн тэтгэлгийг 1 оюутан
  • Төгсөгчдийн холбоо/Металлургийн ангийн 2009 оны төгсөгчид/-ноос 1.5 сая төгрөгийн тэтгэлгийг элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноотой шинэ элсэгчид олголоо.

Нийт оюутан, суралцагч, багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ 2024-2025 оны хичээлийн жилдээ амжилт, бүтээл дүүрэн байж хичээл, сургалт, урлаг, спортын өрнүүн их амжилтаар бялхаж байхын ерөөлийг дэвшүүлье.

Эрдэнэтийн овооны дэргэд

Эрдмийн овоо сүндэрлэх болтугай

Энэ нийтлэлийг хуваалцах :