Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“ХАВРЫН БАЯР-2025” ЯПОН ХЭЛ, СОЁЛ СУРТАЛЧЛАХ 7 ХОНОГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн дэргэдэх Коосэн хөтөлбөрийн “ХАВРЫН БАЯР” Япон хэл, соёл сурталчлах 7 хоног арга хэмжээ 2025 оны 4 сарын 7-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Коосэн хөтөлбөрийн үйл ажиллагааг сурталчлах, Коосэн хөтөлбөрийн оюутнуудын мэдлэг, авьяасыг сорих, япон хэл сурах идэвх сонирхлыг төрүүлж нэгэн санаа бодол, зорилготой байлгах, хамтран суралцах арга барилд сургах зорилготой. Үйл ажиллагааны хүрээнд 4 сарын 8 өдөр япон соёл болох кимоно, ногоон цай, бийрэн бичлэг танилцуулахын зэрэгцээ Коосэн хөтөлбөрийн 2-р курсийн оюутнуудын лабораторийн аргаар гарган авсан гоо сайхны бүтээгдэхүүн, өнгө ялгагч цахилгаан робот зэрэг бүтээлийн үзэсгэлэн гаргасан. 4 сарын 9 өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхай, Автотээврийн цехтэй танилцах аялал хийж 4 сарын 10 өдөр Япон хэлний мэдлэг сорих “Хөгжилтэй япон хэл”, “Багийн Мини олимпиад” тэмцээн, 4 сарын 11 өдөр багууд дуу, бүжиг, чөлөөт үзүүлбэр төрлөөр Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрт нэгдсэн концерт тоглосон бол 4 сарын 12 өдөр сагс, гар бөмбөг, дартс төрлөөр спортын авхаалж самбаагаа сорьсон байна. 7 хоногийн нийт уралдаан тэмцээнүүдээ нэгтгэн дүгнэж эхний 3 байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулан хаалтын үйл ажиллагаа зохион байгуулав. Нийт уралдаан тэмцээний дүнгээр Цахилгааны инженерчлэл 2 ангийн оюутан Т.Цолмон-Эрдэнэ ахлагчтай “Seikatsu баг” тэргүүн байр эзэлж Шилжин явах цомын эзэд боллоо. Хүүхэд бүрийн оролцоог дэмжсэн энэ жилийн Хаврын баяр-2025 ийнхүү амжилттай өндөрлөлөө.

Энэ нийтлэлийг хуваалцах :