Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Xойд бүсийн мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулж байна

Тус олимпиад нь 2026 оны 03 сарын 06-07-ны өдрүүдэд дунд, ахлах, багш гэсэн 3 ангиллаар “Эрдэнэт” цогцолбор их сургууль дээр зохиогдох ба Орхон, Булган, Хөвсгөл аймгийн ЕБС-ийн багш, сурагчид оролцож байна.

Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүн Ж.Дашдэмбэрэл олимпиадыг нээж, энэ онд Монголын мэдээлэл зүйн олимпиадын 40 жилийн ой тохиож байгааг дурдахын зэрэгцээ энэхүү бүсийн олимпиадын эхний 2 байрт шалгарсан багш, сурагчдад “Улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцох эрх” олгогдохыг хэллээ.

Мөн “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн захирал, доктор Д.Заяабаатар нийт оролцогчдод амжилт хүсэж амжилттай оролцсон 12-р ангийн сурагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх амлалт өглөө.

Тус сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч А.Түвшинжаргал “Хиймэл оюун ухаан буюу Deep learning” сэдвээр сонирхолтой илтгэл танилцуулж Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглаж буй туршлага, үр дүнг танилцууллаа.

2026 оны 03 сарын 06-ны 12.00-16.00 цагт дунд ангиллын бодолт явагдах ба 16.00-18.00 цагт оролцогч сурагчид Соёл, урлагийн цогцолборын “Цахим музей”-г үзэж сонирхох юм.

2026 оны 03 сарын 07-ны өдөр 09.00-13.00 цагт Ахлах ангилал, 14.00-18.00 цагт багш ангиллын бодолтууд явагдаж 18.00-19.00 цагт дүнгийн хурал, хаалтын ажиллагаа болно.

Энэ нийтлэлийг хуваалцах :