Эрдэнэт цогцолбор их сургууль

Дэлхийн банкны төлөөлөгчид манай сургуулийн инновац, технологи дамжуулалтын үйл ажиллагаатай танилцлаа

Дэлхийн банкны Сөүл дэх Санхүү, инновацын төвийн Хувийн хэвшлийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Кристиан Кихада Торрес, Санхүү, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын Глобал хэлтэс болон Эрчим хүч, олборлох Глобал салбарын зөвлөх М.Халиун, Сүхчимэг нар 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манай сургуульд ажиллаж, эрдэм шинжилгээ, инновац, гарааны бизнес болон технологи дамжуулалтын чиглэлээр уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтын гол зорилго нь Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үр дүнг инновац болгон зах зээлд нэвтрүүлэх, технологи дамжуулах болон гарааны бизнесийг дэмжих тогтолцоог үнэлэхэд шаардлагатай мэдээллийг тодруулахад оршиж байна. Уг судалгаа нь Монгол Улсад технологи дамжуулалтыг идэвхжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогыг шинэчлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны өргөн хүрээний ажлын нэг хэсэг юм.

Уулзалтын үеэр талууд холбогдох байгууллагуудын аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, технологи дамжуулалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдлага, бүтэц, зохион байгуулалтын өнөөгийн байдлыг хэлэлцлээ. Мөн энэ салбарт гарч буй үр дүн болон тулгамдаж буй асуудлуудыг нарийвчлан тодорхойлж баримтжуулах нь Монгол Улсын инновацын экосистемийг сайжруулахад чухал ач холбогдолтой болохыг төлөөлөгчид онцлов.

Энэ нийтлэлийг хуваалцах :