Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ЯПОН УЛСЫН НАГОЯ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН, БАГА АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “EARTH CLASS” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас Япон улсын Нагоя Их сургуультай хамтран анх удаа бага ангийн сурагчдад зориулсан “Earth Class” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой, 9-11 насны 8 хүүхдээс бүрдсэн “Science kids” баг 7-р сарын 05-12-ны өдрүүдэд Нагоя Их сургууль дээр  жил бүр зохион байгуулагддаг Байгалийн шинжлэх ухааны “Earth Class” хөтөлбөрт эцэг эхийн хамт хамрагдах бөгөөд энэ удаагийн “Earth Class” хөтөлбөрт Монгол хүүхдүүд анх удаа хамрагдаж байгаагаараа онцлог юм.

Нагоя их сургууль нь Япон улсын Эзэн хааны нэрэмжит их сургуулиудын нэг бөгөөд 7 нобелийн шагналтан төрөн гарсан гэдгээрээ алдартай. Монгол хүүхдүүд зөвхөн Нагоя их сургуулийн хөтөлбөрт “Earth Class” хөтөлбөрт хамрагдаад зогсохгүй Японы Шинжлэх ухааны үндэсний музей болон Нагоя хотын Шинжлэх ухааны музейг үзэх, Япон улсын үзэсгэлэнт газруудаар аялан Фүжи уул, Диснейланд, Лааны тосон музей зэргээр зочилно.

“Earth Class” хөтөлбөр нь бага ангийн сурагчдад шинжлэх ухааны тухай ойлголт өгөх, ирээдүйд Байгалийн ухаан – инженерчлэлийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдэд мэргэжил сонгох чиг баримжаа олгох зорилготой бөгөөд Монголын улсын Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангид суралцагч, Байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой, 9-11 насны хүүхдүүд жил бүр хамрагдах боломжтой юм.

Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр зөвхөн бага ангийн сурагчдад шинжлэх ухааныг сурталчлах бус, Монгол улсад дутмаг байдаг инженерчлэлийн салбарын ажиллах хүчийг ирээдүйд нөхөхөд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :