Уул уурхайн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 1975 онд “Сургалтын төв” нэртэй байгуулагдан, эдүгээ ШУТИС-ийн харьяа цогцолбор сургууль болж өргөжсөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 24 дэх төгсөлтийн баяр өнөөдөр боллоо. Тус сургууль дээд мэргэжилтэй уул уурхайн инженер, техникийн ажилтнууд бэлтгэж эхэлснээс хойш ийнхүү 24 дэх хаврын улирлаа үдэж байна.
Сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү хэлсэн үгэндээ, “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001 стандартыг нэвтрүүлсэн бол Ахлах сургууль олон улсын Кембрижийн хөтөлбөрөөр анхны элсэлтээ хүлээн авлаа. Түүнчлэн шинээр техникийн боловсрол олгох тусгай зөвшөөрөл авч, гурван мэргэжлээр элсүүлэн Политехник коллежийн үйл ажиллагааг эхлүүлэх шинэ хуудас нээлээ. Олон улсын ISO 96006 стандартын дагуу дэлхийд ажиллах эрх бүхий гагнуурчид бэлтгэдэг боллоо. Монгол Улсын Засгийн газрын 293 дугаар тогтоолын дагуу багш ажилтнуудын эгнээ өргөжлөө” хэмээн, 24 дэх удаагийн төгсөлтийг хамтдаа бүтээсэн эрхэм багш ажилтнууд, төгсөгч оюутнууддаа баяр хүргэж мэндчилэв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон баяр хүргэж, хэлсэн үгэндээ, “Эрдэнэт үйлдвэр дэлхийн хэмжээний үйлдвэр учраас үйлдвэрлэлд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж байна. Түүнийг дагаад тэнд өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвар хэрэгтэй болно. Тиймээс төгсөгчид болон сургуулийн сургалтын чанар арга барилаас илүү ихийг хүсэж, тэр хэмжээгээр дэмжин хамтран ажиллах болно. Энэ хүрээнд цаашид сургалт үйлдвэрлэлийг холбосон гүүр нь байхыг эрхэмлэнэ” гэж онцоллоо.
Ингээд 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын 24 дэх төгсөлтийн төгсөгчдөд бакалавр, магистрын зэрэг, диплом гардуулж, ажил амьдралын өргөн далайд сэлүүр алдахгүй, амжилт дүүрэн аялахын ерөөл дэвшүүлэв.