Эрдэнэт цогцолбор дээд сургууль

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ны өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтэс болон Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Систем хөгжүүлэлтийн хэсгийн 8 ажилтан үйлдвэрт ERP системийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 48 цагийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдлаа. Сургалтыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс зохион байгуулж явуулсан болно.

Сургалтын хүрээнд суралцагчид нягтлан бодох бүртгэлд тусгагдах зүйлсийг тодорхойлж ангилах, ажил гүйлгээг таньж мэдэн анхан шатны баримт үйлдэх, нягтлан бодох бүртгэлд тусгах, ажил гүйлгээг хөтлөх болон нэгтгэх, санхүүгийн болон татвар, нийгмийн даатгалын тайлан боловсруулах, бэлтгэх арга зүйд суралцлаа. Уг сургалтад хамрагдсанаар суралцагчид үйлдвэрийн газарт нэвтрүүлэхээр төлөвлөж буй төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн болох нь сургалтын төгсгөл дэх суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаагаар дүгнэгдэж байна.

Сургалтын төгсгөлд суралцагчдад “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн зүгээс сургалтыг амжилттай дүүргэсэн болохыг гэрчилж сертификат гардуулж, цаашдын төслийн ажилд нь амжилтыг хүслээ.

Энэ нийтлэлийг хуваалцах :