“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 03-нд Япон улсын Акита мужийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд “Оюутан солилцоо” хөтөлбөрийг жил бүр амжилттай хэрэгжүүлж байна.
Япон улсын Акита мужийн их сургуулийн 6 оюутан 2 профессор багшийн хамтаар 2024 оны 09 сарын 16-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд харилцан туршлага солилцохоор ажиллаж байна.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн удирдлагуудтай 2024 оны 09 сарын 18-ны өдөр уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Японы талаас 2 жилийн хугацаатай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ болгон сунгах санал тавьж, хамтран судалгааны ажил гүйцэтгэх, хамтарсан хурал зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар харилцан зөвшилцсөн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. Талууд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах нэгдмэл сонирхолтой байгаа нь санамж бичгийн хүрээнд холбогдох ажил, арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлж ирснийг илэрхийлж буй хэрэг юм.
“Оюутан солилцоо” хөтөлбөрийн дараагийн арга хэмжээнд Акита мужийн их сургуулийн багш, оюутнуудыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -тай танилцаж тэсэлгээ үзүүлэх, “Эрдэнэт хивс” ХХК-ны үйл ажиллагаатай танилцуулах, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутнуудтай хамтарсан хичээл зохион байгуулах, Акита их сургуулийн Био орчны шинжлэх ухааны тэнхимийн профессор Ишикава Юүичи, профессор Наоюки Мията нар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “EiT- Эрдэмтдийн индэр” -т урилгаар оролцож судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, хамтарсан судалгааны ажил эхлүүлэх чиглэлээр санал солилцох болон бусад соёлын арга хэмжээг төлөвлөсөн болно. Тус хөтөлбөр нь талуудын суралцах, харилцан туршлага солилцох хэрэгцээнд нийцсэн, соёлын ач холбогдол бүхий хөтөлбөр болно гэдэгт итгэлтэй байна.
Дашрамд дурдахад “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 5 оюутан 1 багшийн хамт 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Япон улсын Акита мужийн их сургууль болон Тоёокава нефтийн үйлдвэр, Хүнсний үйлдвэр, мэдээлэл технологи, автоматжуулалтын үйлдвэрт богино хугацааны дадлага хийж байсан билээ.