Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Зохион бүтээгч инноваторуудын анхдугаар чуулган” Төрийн ордны Их танхимд 2024 оны 11 сарын 27-ны өдөр боллоо.
1944 оны 5-р сарын 19-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 63 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ юм зохион олох ба үйлдвэрээр оновчтой санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар”-аар Монгол Улсад оюуны өмчийн анхны эрх зүйн үндэс тавигдаж, шинэ бүтээл, оновчтой саналыг бүртгэх, зохиогчид эрхийн баримт олгох үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Энэ тогтоол нь өнөөдрийн Монгол Улсын оюуны өмч, инновацын тогтолцооны үндэс суурь болсон билээ.
Тус чуулганд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын 600 гаруй зохион бүтээгч, инноватор, судлаач нарын төлөөлөл оролцсоноос “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас Механикийн тэнхимийн эрхлэгч Б.Пүрэвдорж Ph.D, дэд проф., Санхүү, менежментийн тэнхимийн багш Д.Сансар, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төвийн тэргүүлэх мэргэжилтэн Б.Ариумаа, мэргэжилтэн Д.Батцэнгэл Ph.D, Д.Оюу-Эрдэнэ нарын хамт оролцлоо.
Энэхүү чуулганы зорилго нь Монгол Улсын шинийг санаачлагч, зохион бүтээгч, инновацын салбарын түүхийг эргэн харж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ зохион бүтээгч, инноваторуудыг нэгтгэж, үндэсний хөгжилд технологи, оюуны хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэгдэж байна.
Энэхүү чуулганы арга хэмжээний хүрээнд “Зохион бүтээгч, инженерүүдийн үзэсгэлэн”-г ШУТИС-ийн VIII байранд зохион байгуулж, үндэсний бүтээлч санаачилгууд болон инновацын бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд танилцуулсан.