Эрдэнэт цогцолбор дээд сургууль

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 64  ДЭХ                     ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД  ЦУВРАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Орос хэлний төв нь аймаг, орон нутгийн орос хэлний багш нарыг өргөн хамруулсан олон талт үйл ажиллагааг 2024 оны 10 сарын 15-ны өдрөөс 11 сарын 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус төв нь 2017 оноос эхлэн аймгийн багш нарын мэргэжил, арга зүйг сайжруулахад анхаарч, онол, арга зүйн семинарыг 15 дахь удаагаа, илтгэлийн уралдааныг 7, ур чадвар, хичээлийн хөтөлбөрийн уралдааныг 6 дахь жилээ тасралтгүй  явуулснаар тодорхой амжилтад хүрч байна.

  1. Эрдэм шинжилгээний хурал

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн дэрэгдэх Орхон аймаг дахь “Русский дом”-ын Орос хэлний салбар төв нь аймгийн Боловсролын газартай хамтран Орос хэлний багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, орос хэлний сургалтын арга зүй, технологийн шинэчлэлтэй холбоотой судалгааны ажил, сайн туршлагыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, түгээн дэлгэрүүлэх, санаа бодлоо солилцох боломжоор хангах зорилгоор  “Орос хэлний сургалтын арга зүй, технологийн шинэчлэл” сэдэвт ЭШ-ний VII хурлыг 10 сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд  2 үе шаттайгаар  амжилттай зохион байгууллаа. 2-р шатанд 5 илтгэл хэлэлцүүлснээс, ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш Г.Отгонжаргал “Суралцагчдын үгийн сангийн мэдлэгийг сайжруулах замаар сурлагын чанарт ахиц гаргах нь”, ЕБ-ын 8 дугаар сургуулийн багш Н.Айбота “Хэрэглэгдэхүүний тусламжтайгаар эвлүүлгийн арга ашиглан суралцагчдын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх нь”, ЕБ-ын 3 дугаар сургуулийн багш Г.Алтанцэцэг “Оюуны зураглалын аргаар суралцахуйг дэмжих нь” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, тус бүр 1-3-р байр эзлэв.

Багш нар интерактив сургалтын арга зүйг гадаад хэлний сургалтад нэвтрүүлсэн судалгааны үр дүнг танилцуулахын зэрэгцээ  харааны болон сонсголын ой тогтоолтыг хөгжүүлэх, эвлүүлэг, оюуны зураглал ашиглах зэрэг тодорхой арга зүйг хуваалцсан нь онцлог байлаа.

2. Ур чадварын уралдаан

Багш нарын мэдлэг, ур чадвар, арга зүйг сайжруулах, шилдэг багш шалгаруулах зорилгоор орос хэлний мэргэжлийн ур чадварын уралдааныг 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар явуулж, шилдэг хөтөлбөр, хичээл шалгаруулах ур чадварын уралдааны 2-р шатанд 4 багш ур чадвараа сорин оролцож, ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш Г.Отгонжаргал тэргүүн байр, ЕБ-ын 1 дүгээр сургуулийн багш Э.Цэндбаяр, Ш.Хүрэлбаатар нар хамтын хичээл зааж дэд байр, ЕБ-ын 8 дугаар сургуулийн багш О.Аюурзана гутгаар байр, ЕБ-ын 14 дүгээр сургуулийн багш М.Бямбасүрэн тусгай байрт шалгарлаа.

2024 оны орос хэлний шилдэг багшаар ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш Г.Отгонжаргал олимпиадын амжилт,  суралцагчдын ахиц амжилт, хөтөлбөрийн судалгаа, мэргэжлийн ур чадвараар манлайлан шалгарлаа.

Жилээс жилд ур чадварын уралдаанд оролцож байгаа багш нарын арга, ээлжит хичээлийн хөтөлбөр, төлөвлөлт, хэрэглэгдэхүүний сонголт сайжирч, уялдаа холбоотой, эмх цэгцтэй хамтын үйл ажиллагааг дэмжсэн хичээл зохион байгуулж, сурагч хоорондын, багш сурагч хоорондын хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж, үр дүнд хүрч байгаад ур чадварын уралдааны ач холбогдол оршиж байна гэж зохион байгуулагчид үзэж байна. Интернетийн  нөөц хэрэгслүүдийг багш нар чадамгай ашиглаж байгаа нь энэ удаагийн уралдааны онцлог байлаа.

3. Арга зүйн семинар

Арга зүйн семинарт аймгийн ЕБ-ын сургуулийн орос хэлний 25 багш оролцсон. 

Семинарыг дараах хөтөлбөрийн дагуу явуулж, хэлэлцүүлэг хийв.

  • 2024 оны шилдэг багш Г.Отгонжаргал  мастер класс
  • Боловсролын газрын гадаад хэлний мэргэжилтэн Н.Даваахүү “Хичээлд тавигдах шаардлага хангасан байдал, арга зүй”
  • ЭЦДС-ийн ХУТ-ийн эрхлэгч Ч.Лхагвасүрэн “Ур чадварын уралдаанд хийсэн SWOT шинжилгээ”
  • ХУТ-ийн багш Ц.Нямхүү “ЭШ-ний илтгэлийн бүтэц, арга зүй, цаашид анхаарах асуудал”

Энэ нийтлэлийг хуваалцах :