“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш судлаачид, оюутнуудын Эрдмийн чуулган 2025 оны 3-р сарын 27-28-ны өдрүүдэд болж өндөрлөв. Багш судлаачдын ангилалд нийт 16 илтгэл хэлэлцүүлснээс Политехник коллежийн багш Л.Ундраагийн “Их хромт цагаан ширэмний механик шинжид элемент ванадийн нөлөө” сэдэвт илтгэл Тэргүүн байр эзэллээ. Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн багш А.Түвшинжаргал, Д.Энхбаатар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн доктор Б.Гэрэлмаа нарын хамтын бүтээл “Машин сургалтын аргаар экскаваторын шанаганы шүд илрүүлж, хүдрийн бүхэллэг тодорхойлох судалгаа” сэдэвт илтгэл Дэд байр эзэлсэн бол Гутгаар байранд ШУТИС-ийн ГУУС-ийн магистрант М.Отгонбат, Б.Баярхүү нарын “Ил уурхайн ус татах байгууламжийн ашиглалтын судалгаа” илтгэл шалгарлаа. Энэ удаагийн бага хуралд ЭЦДС-ийн багш нараас гадна Эрдэнэт үйлдвэрийн магистрант судлаачид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Оюутны Эрдмийн чуулганд нийт 14 илтгэл хэлэлцэгдсэнээс ЭЦДС-ийн АИ-III курсийн оюутан Б.Лхагвадоржийн “KOMATSU HD-1500-8 өөрөө буулгагч автомашины тэвшний элэгдлийн судалгаа” илтгэл Тэргүүн байранд, Дэд байранд ЦСА-III курсийн оюутан Л.Одлхагва, МТ-III курсийн оюутан Б.Уянга нарын хамтын бүтээл “Аюулыг мэдээлэх хамгаалалтын дуулганы судалгаа, хөгжүүлэлт” сэдэвт илтгэл, Гутгаар байранд АМБТИ-IV курсийн оюутан Ч.Гантогтох, Б.Өгөөмөр нарын бүтээл “Эрдэнэтийн овоо ордын исэлдсэн хүдрийг уусгахад хүчлийн концентрацийн нөлөө” илтгэл шалгарлаа. Оюутны шилдэг илтгэлүүдийг доктор Б.Пүрэвдорж, багш А.Түвшинжаргал, Б.Солонго нар удирдсан байна.
Эрдмийн чуулганд оролцсон нийт илтгэгчдэдээ судалгааны ажилд нь амжилт хүсье.
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төв






