Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“ЭРДМИЙН БАЯР” ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын 26 дах удаагийн төгсөлтийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа 2025 оны 06-р сарын 17-ны өдөр буюу өнөөдөр ёслол төгөлдөр болж байна.

Тус сургуульд Инженер технологи чиглэлийн Мэдээллийн технологи, Цахилгаан системийн автоматжуулалт, Уул уурхайн ашиглалтын технологи, Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Нийгмийн ухааны чиглэлийн Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Багш-гадаад хэлний боловсрол /Англи хэл/, Багш монгол хэл, уран зохиолын боловсрол, Менежмент мэргэжлээр суралцсан нийт 99 суралцагч бакалавр, Хүний нөөцийн менежмент, Үйлдвэрлэлийн менежмент, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Барилгын инженер мэргэжлээр 29 суралцагч магистр, Авто инженер, Уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр 5 дэд бакалаврын сургалтыг амжилттай төгсөн бакалавр, магистрын зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авч байна.   

Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр төсөгчдөдөө хандаж ЭЦДС-ийн захирал доктор Д.Заяабаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга Б.Одгарьд нар баяр хүргэж, сургамжийн үг хэлж, цаашдын ажил, амьдралд нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөлөө.

Уг “Эрдмийн баяр”-т “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал, удирдлагууд, ЭЦДС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш ажилтнууд уригдан ирж оролцож байна.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг сурлагаараа манлайлан төгссөн шилдэг тэргүүний төгсөгчдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах БАТЛАМЖ гардуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгссөн Э.Отгонцэцэг, Уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр төгссөн О.Доржсэмбэ, Мэдээллийн технологи мэргэжлээр төгссөн Э.Цэдэнсодном, Г.Солонго, Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр төгссөн Б.Ням-Осор, Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр төгссөн Б.Өгөөмөр, Ч.Гантогтох, С.Энхсаруул нар БАТЛАМЖ гардан авсан баярт мөчийг эрдэмтэн багш нар, анги хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхээ сэтгэлийн баяр, итгэл дүүрэн амжилт хүссэн халуун алга ташилт дор гардан авлаа.   

Суралцах хугацаандаа сурлага, хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа амжилт гаргаж бусдыгаа манлайлсан Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлийн төгсөгч С.Энхсаруул 8 улирал 3,7-с дээш голчтой суралцаж ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч”-өөр шалгарч өргөмжлөл гардан авлаа.

ЭЦДС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 12-р ангийг 29 сурагч, 9-р ангийг 30 сурагч тус тус амжилттай төгсөж буй баярт мөч давхцахын зэрэгцээ 12-р ангиа амжилттай төгссөн сурагчдаас цаашид өөрийн сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтээ илэрхийлээд байна.

ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлийн төгсөгч С.Энхсаруул сургууль хамт олонд талархаж буйгаа илэрхийлэн үг хэллээ. Хүний нөөцийн менежмент магистрын төгсөгч С.Дэлгэрмаа төгсөгчийн тангараг уншлаа.

          Эрдэм номын их санд аялж ихийг бүтээх чин хүсэл өвөртлөн төгсөж буй эрхэм хайрт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

Энэ нийтлэлийг хуваалцах :