Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“Амьдрал бол Аялал” клубийн үйл ажиллагаа ШУТИС, П.Очирбат академийн нэрэмжитөргөө, Геологийн төв музей , “Соёолон Интернэшнл” ХХК, “Бадрах Энержи ” ХХК-тай танилцах үйлдвэрийн аяллаар үргэлжилж байна.

      Уг аяллыг уул уурхайн тэнхимийн эрхлэгч Ж. Эрдэнэзулын санаачилгаар тус сургуулийн уул уурхайн тэнхим,  Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн ашиглалтын технологи чиглэлийн 14 оюутны бүрэлдэхүүнтэй ахмад багш Б. Мажинбуу болон уул уурхайн тэнхимийн багш З.Саранчимэг нар хариуцаж  амжилттай зохион байгууллаа. 

      Клубийн энэхүү ээлжит үйл ажиллагааг оюутнуудын мэргэжлийн чиг баримжааг бататгах, мэргэжлийнхээ талаар илүү мэдлэг, мэдээллийг олох, практик туршлага авах, ирээдүйн ажлын байрны талаар ойлголтыг судлуулах зорилгоор 2025 оны 10 сарын 24ны өдөр Соёолон Интернэшнл ХХК, ШУТИС, П.Очирбат академийн нэрэмжит өргөө, Геологийн төв музей, 25-ны өдөр “Бадрах Энержи ” ХХК гэсэн маршрутаар аялсан.

ШУТИС-ийн Төв номын сангийн 5-р давхарт байрлах “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Төрийн соёрхолт, академич П.Очирбатын нэрэмжит номын өргөө” 2025 оны 5 дугаар сарын 16-нд албан ёсоор нээлтээ хийжээ. 

      Уг өргөө нь эрдэмтэн судлаач, ахмад багш нар, уншигчид, оюутнуудад зориулсан судалгаа, уншлагын орчныг бүрдүүлж, П.Очирбатын бүтээлүүд, геологи, уул уурхайн мэргэжлийн болон нийгэм-улс төр, эдийн засаг, эрчим хүчний салбарын сургалтын материалыг нэгтгэсэн байна. 

      Мөн 2025 оны 1 сарын 23-нд ШУТИС-ийн “Геологи, уул уурхайн сургууль”-ийг П.Очирбатын нэрэмжит болгож шийдвэрлэсэн юм. Энэхүү өргөөг үзэж танилцсанаараа мэргэжилдээ илүү дуртай болж илүү их мэдлэгэтэй болсон. 

      Геологийн төв музей нь Монгол Улсын Их Сургуулийн геологийн салбарын хүрээнд байгуулагдсан, ашигт малтмал, чулуулаг болон палеонтологийн үзмэрүүдийг олон нийтэд дэлгэдэг музей юм. 

      Энэ музей нь маагмын, тунамал, хувирмал чулуулаг, амьтан-үр дүн, чулуужсан хэв дардсууд зэргийг харуулсан. 

    Мөн Монгол орны ашигт малтмалын төрөлжсөн хэсэг буюу метал ба метал бус ашигт малтмал, өнгөт чулуу, шатах ашигт малтмал, газрын тос гэх мэтийг салбарлан үзүүлсэн байдаг. 

      Үндэсний хөрөнгө оруулалттай “Соёолон Интернэшнл” ХХК нь уул уурхай, ашигт малтмал баяжуулах, боловсруулах салбарт дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн Монгол дахь онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллаж ирснээс хойш инженеринг, ханган нийлүүлэлт, угсралт, үйлдвэрийн ашиглалт, засвар үйлчилгээг иж бүрэн үзүүлж, дэвшилтэт техник, технологийг мэргэжлийн ур чадвартай хослуулан эх орныхоо баялаг бүтээх үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой компани юм. Мөн ТЭЗҮ зураг төсөл, технологийн туршилт судалгаа, технологийн сонголт, процессын загварчлал, техникийн үйлчилгээ, инженерийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. 

      “Соёолон Интернэшнл” ХХК-иас шинэ төгсөгч оюутнуудыг дадлага туршлага шаардахгүйгээр ажлын байраар хангаж, уян хатан нөхцөлтэй хүний нөөцийн бүрдүүлэлт хийж байгаа нь оюутнуудын анхаарлыг татаж байсан юм. Тус компанид явагдаж байгаа төслийн ажил хэрхэн ямар зарчмаар явагдаж, ТЭЗҮ, зураг төслийн ажлын үйл явцууд, эрдэм шинжилгээ судалгааны ажлын талаар аяллын явцад ойлголт олж авсан.

     Монгол-Францын хамтарсан Бадрах Энержи ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багын нутаг дахь дэлхийн хэмжээний Зөөвч-Овоо ураны ордыг ашиглах, цаашлаад Монгол улсад уран олборлолтын салбарыг хөгжүүлэх зорилготой компани юм. Бадрах Энержи ХХК нь Монгол улсын төрийн өмчит Мон-Атом ХХК (10 хувь), Франц улсын төрийн өмчит Орано группийн (90 хувь) хамтарсан компани билээ. Кожеговь ХХК-ийн геологичдын нээн илрүүлсэн Зөөвч-Овоо ураны орд нь сүүлийн 20 жилд дэлхий дээр илрүүлсэн 10 том ордын нэг болсон. Зөөвч-Овоо орд 93,290 тонн, Дулаан ул 11,896 тонн ураны нөөцтэй. Бадрах Энержи ХХК нь манай клубийн үйл ажиллагааг дэмжиж 4 дахь удаагаа хүлээн авч аяллыг зохион байгуулахад ихээхэн тусламж үзүүлж байна. Аялагч оюутнуудад ураны талаар болон газар доор уусган олборлох арга, баяжуулах үйлдвэрийн процессыг өөрийн нүдээр үзэж танилцах практик мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгож байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :