Үйлдвэрийн газарт ажиллаж буй зөвлөх, мэргэшсэн инженерүүд болон докторын зэрэг хамгаалсан судлаачдын судалгааны ажлыг танилцуулах, тэдгээрийн оюуны бүтээлийг үйлдвэрийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдаа холбоонд тулгуурлан нэвтрүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зөвлөх инженерүүд, мэргэшсэн инженерүүд ба доктор судлаачдын уулзалт”-ыг цуврал болгон зохион байгуулахаар манай сургууль ажиллаж байна.
Энэхүү цуврал уулзалт “Эрдэнэт үйлдвэрийн нөхцөлд их хромт цагаан ширэм (ИХЦШ)-ний шинэ төрлийг нэвтрүүлэх технологийн боломж, тулгамдсан асуудлууд”сэдэвт хэлэлцүүлгээр 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхлэлээ.
Уулзалтад, Механикийн хэлтэс, Засвар, механикийн заводын инженер, техникийн ажилтнууд, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэмтэн багш нар, салбарын судлаачид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд дараах илтгэлүүдийг танилцуулж, оролцогчид санал солилцов. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Б.Пүрэвдорж “Их хромт цагаан ширэмний төрөл, стандарт, хэрэглээ” сэдвээр илтгэл тавьж, олон улсын стандарт, үйлдвэрлэлд ашиглах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Механикийн тэнхимийн багш, докторант Л.Ундраа “Их хромт цагаан ширэм”-ний шинэчилсэн хувилбарын лабораторийн судалгааны үр дүн”-г танилцуулж, шинжилгээ, туршилтын бодит үр дүн, цаашдын судалгааны чиг хандлагыг онцолсон юм. Харин Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Бя.Бат-Эрдэнэ “Их хромт цагаан ширэм”-ний шинэчилсэн хувилбарыг нэвтрүүлэхэд гарах хүндрэлүүд, шийдвэрлэх арга зам”-ын талаар үйлдвэрлэлийн практикт тулгарч буй асуудал, түүнийг даван туулах гарц, шийдлийн хувилбаруудыг хөндөн ярив.

