Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй, дээд боловсролын салбарын дижитал шилжилтийг дэмжих зорилготой “DIGITAL MOVE” төслийн хаалтын олон улсын хурал 2026 оны 1 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Da Nang хотод зохион байгуулагдаж байна.
Тус төсөл нь дээд боловсролын байгууллагуудын сургалт, судалгаа, удирдлагын үйл ажиллагаанд дижитал шийдлийг нэвтрүүлэх, дижитал тэгш бус байдлыг бууруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн бөгөөд Франц, Словак, Монгол, Вьетнамын нийт 12 их сургууль, судалгааны байгууллага гурван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн байна. Монгол Улсаас Оточ Манрамба их сургууль, Дархан ХААИС, СИТИ их сургууль, Эрдэнэт цогцолбор дээд сургууль тус тус оролцож, төслийн хүрээнд дижитал сургалтын орчин, нээлттэй боловсрол, инновацад суурилсан арга зүйг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллажээ.
Хаалтын хурал “Дижитал шилжилтээр дамжуулан дээд боловсролын ирээдүйг тодорхойлох нь” уриан дор зохион байгуулагдаж, төслийн хэрэгжилтийн үр дүн, ололт амжилт, цаашдын тогтвортой хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж байна. Мөн дээд боловсролын салбар дахь дижитал шилжилтийн өнөөгийн байдал, сорилт, боломж, сургалтын шинэ арга зүй, технологид суурилсан хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөж, оролцогчид харилцан туршлага солилцож байна.


Уг арга хэмжээнд манай Эрдэнэт цогцолбор дээд сургууль-иас Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Пүрэвдорж, Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч А.Түвшинжаргал, Мэдээллийн технологийн тэнхимийн багш Д.Энхбаатар нар оролцож, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, сургалтын дижитал орчны хөгжил, олон улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож байна.
Энэхүү олон улсын хурал нь дээд боловсролын салбарт дижитал шилжилтийг эрчимжүүлэх, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, цаашдын хамтарсан төсөл, санаачилгыг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.