“Эрдэнэт цогцолбор” их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын 27 дахь удаагийн төгсөлтийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа 2026 оны 01-р сарын 21-ний өдөр буюу өнөөдөр ёслол төгөлдөр болж байна.
Тус сургуульд Инженер технологи чиглэлийн Уул уурхайн ашиглалтын технологи, Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Нийгмийн ухааны чиглэлийн Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Менежмент мэргэжлээр суралцсан нийт 23 суралцагч бакалавр, Хүний нөөцийн менежмент, Үйлдвэрлэлийн менежмент, Төрийн захиргаа, Санхүү, банк, Бизнесийн удирдлага,Уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр 13 суралцагч магистр төгсөн бакалавр, магистрын зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авч байна.
Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр төгсөгчдөдөө хандаж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор Г.Ёндон, ЭЦИС-ийн захирал доктор Д.Заяабаатар нар баяр хүргэж, сургамжийн үг хэлж, цаашдын ажил, амьдралд нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөлөө.
Уг “Эрдмийн баяр”-т “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал, удирдлагууд, ЭЦИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш ажилтан, эцэг эхчүүд уригдан ирж оролцож байна.
Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлийн төгсөгч М.Нямдаваа сургууль хамт олонд талархаж буйгаа илэрхийлэн үг хэллээ. Санхүү, банк хөтөлбөрийн магистрын төгсөгч Б.Хишигбат төгсөгчийн тангараг уншлаа.
Эрдэм номын их санд аялж ихийг бүтээх чин хүсэл өвөртлөн төгсөж буй эрхэм хайрт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.































