Эрдэнэт цогцолбор их сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн санаачлагаар “Эрдэнэт ЭШ-2026” жишиг шалгалтыг Боловсролын газартай хамтран 2026 оны 05 сарын 02-03-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль дээр зохион байгууллаа.
Уг жишиг шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын элсэлтийн шалгалтын бэлтгэлийг тандах, шалгалтын үр дүнд дүн шинжилгээ хийж сургууль болон аймгийн хэмжээнд “Элсэлтийн шалгалт”-ын үзүүлэлтийг дээшлүүлэх талаар хариу арга хэмжээ авах, сурагчдын хувьд элсэлтийн шалгалтын бэлтгэл ямар түвшинд байгаа болон цаашид анхаарах зүйлс, даалгавар, хариултын хуудастай ажиллах туршлага, шалгалтын айдсаа давах, шалгалтын хугацааг зөв хуваарилах зэрэг туршлагатай болгох зорилготой болно.
Энэ удаагийн шалгалтад төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд бүрэн хамрагдсан ба нийт 1500 орчим сурагч, 10 хичээлээр шалгалт өгч давхардсан тоогоор 4500 орчим шалгуулагч хамрагдлаа.
Шалгалтын дүн буюу оноог сурагчдад зориулан хэмжээст оноонд шилжүүлж “Онооны эрэмбэ”-ээр болон “Сурагчдын хувийн код”-ны эрэмбээр гэсэн 2 хэлбэрийн жагсаалтаар хүргүүлнэ.
Шалгалтын сэдэв, даалгаврыг Боловсролын Үнэлгээний Төвөөс захиалан авсан ба энэ жилийн блюпринтээр боловсруулагдсан болно. Зохион байгуулагчдын зүгээс шалгалтын дүн, оноо болон сэдэв, даалгаварт дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийж ЕБС-иудад хүргүүлнэ.
Шалгалтын дүн, онооны жагсаалт Эрдэнэт цогцолбор их сургуулийн https://eit.edu.mn/ цахим хуудас болон https://www.facebook.com/eit.edu.mn фэйсбүүк хуудсанд тавигдана.