Эрдэнэт цогцолбор их сургууль (ЭЦИС) дээр 2026 оны 05 сарын 5-наас 7-ны өдрүүдэд Канад улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн (UBC) Норман Б. Кивиллийн нэрэмжит Уул уурхайн сургуулийн 12 оюутан, 2 профессорын хамт зочиллоо. Тэд төгсөх курсын олон улсын хээрийн дадлагын хөтөлбөрийнхөө хүрээнд ийнхүү манай сургуульд саатан, туршлага судаллаа.
Айлчлалын хүрээнд зочид ЭЦИС-ийн хичээлийн 1-р байр болон лабораториудтай танилцсанаас гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт хивс” компаниудаар орж, Монгол улсын уул уурхай, хөнгөн үйлдвэрийн бодит үйл ажиллагааг нүдээр үзэж сонирхов.
Мөн 5-р сарын 6-ны өдөр Канад оюутнууд ЭЦИС-ийн Уул уурхайн тэнхимийн оюутнуудтай нөхөрсөг уулзалт хийлээ. Уулзалтын үеэр залуус өөрсдийн сурч мэдсэн зүйлс, мэргэжлийн онцлог болон хоёр орны соёлын талаар нээлттэй ярилцаж, санал бодлоо солилцон цагийг хөгжилтэй өнгөрүүллээ.
Уг айлчлалаар талууд хоёр сургуулийн найрсаг харилцааг бататгаж, оюутан солилцооны хөтөлбөрийг дэмжин өргөжүүлэхээр тохиролцлоо. Ийнхүү хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон айлчлал амжилттай болж өндөрлөв.

