Эрдэнэт цогцолбор их сургууль болон “Грийн Химистри” ХХК хамтран “Монгол химичид дэлхийд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, уул уурхай, баяжуулах салбарын нарийн мэргэжлийн химичдийг олон улсын түвшинд бэлтгэхээр санамж бичиг үзэглэлээ. Энэхүү түншлэлийн хүрээнд залуусыг “Дэлхийн ур чадвар” тэмцээнд дадлагажуулах, лабораторийн сорилтын сан бүрдүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангахад хамтран ажиллах юм.
Тус компани үндсэн үйл ажиллагааныхаа зэрэгцээ залуу химичдийг дэмжих, өсвөр үеийнхнийг химийн шинжлэх ухаанд дур сонирхолтой болгох зэргээр олон ажлууд зохион байгуулдаг. Тухайлбал, улс, бүс нутгийн химийн олимпиад, “Химийн урвалын гайхамшигт агшин”, “Шинжлэх ухааны бяцхан шидтэнүүд” гэх зэрэг тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж, ивээн тэтгэж иржээ. Захирал Б.Даваацэрэн ярихдаа, “Монгол улсад таван их дээд сургуульд химичдийг бэлтгэж байгаа ч дунд мэргэжлийн химичдийг бэлтгэх, үүнд суралцах хүүхдийн тоо харьцангуй цөөн байдаг. Ер нь уул уурхай, тэр тусмаа баяжуулах үйлдвэрүүдэд ажиллах химичдийн хүний нөөцийн гол хүчийг Коосэн хөтөлбөрөөр төгссөн мэргэжилтнүүд бүрдүүлэх учраас энэ чиглэлээр суралцагсад нэмэгдэж, олон болоосой гэсэн үүднээс “Монгол химичид Дэлхийд” хөтөлбөрийг санаачлан, дэмжин хэрэгжүүлэхийг зорьж байна” гэсэн юм.
Дашрамд дурдахад, тус компани нь 2025 онд “Монгол ур чадвар” тэмцээний үндэсний ялагч болсон Эрдэнэт цогцолбор их сургуулийн Коосэн коллежийн химийн инженерчлэлийн оюутан Э.Саруултөгөлдөрийг “Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцоход нь зориулж бэлтгэл сургуулилалт, дадлага туршилт болон багшийн хамт зардлыг нь хариуцах зэргээр бодит дэмжлэг үзүүлсэн юм.


