ХОЖГОРЫН НАМСРАЙ
(1956-2026)
Техникийн ухааны доктор (Ph.D), Эрдэнэт үйлдвэрийн анхны баяжуулагчдын нэг, ШУТИС-ын харьяа Эрдэнэт цогцолбор их сургуулийн ахмад багш, Хожгорын Намсрай нь 2026 оны 10 сарын 19-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монгол улсын уул уурхай, боловсрол, шинжлэх ухааны салбарт хүнд гарз тохиолоо.
Х. Намсрай нь 1956 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд малчин ардын гэр бүлд төржээ. Тэрээр бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн бөгөөд 1965 онд Төв аймгийн 10-н жилийн сургуульд элсэн суралцаж төгсжээ.Улмаар 1978 онд Эрдэнэт үйлдвэрийн боловсон хүчин бэлтгэх хэтийн төлөвлөгөөний дагуу ЗХУ-ын /тэр үеийн/ Украйны Кривой–Рог хотын хүнд үйлдвэрийн сургуулийг Ашигт малтмалын баяжуулалтын мэргэжлээр төгсөж ирсэн ба Баяжуулах фабрикт диспетчер, ээлжийн мастераар ажиллаж байгаад 1980-1986 онуудад УБ хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн байна.
Х.Намсрай нь 1983 оноос 2001 он хүртэл Цахилгаан цехэд тохируулгын инженер, ахлах инженер, хэсгийн дарга, 2001 оноос Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд Эрчим зүйч, Аж ахуйн үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад 2015 оноос гавьяаны амралтад гарах хүртлээ тус сургуулийн эрчим хүчний тэнхимд дэд профессор, багшаар ажилласан юм.Тэрээр улсад нийт 37 жил ажилласнаас 23 жилийг нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажиллах хугацаандаа Баяжуулах фабрикийн булинга шахах насосны их чадлын синхрон хөдөлгүүрийн оновчтой горимыг үйлдвэрийн нөхцөлд тохируулан, шаардлагатай хурдыг бий болгох, эвдрэл гэмтлийг оношлох, техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэх, найдвартай ажиллагааг хангах, анхны болон ашиглалтын үеийн асаалт, тохируулах ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.
Х.Намсрай нь 2010 онд “Хүдрийн тээрмийн синхрон хөдөлгүүрийн асинхрон горимын хамгаалалтын судалгаа, боловсруулалт” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D) цол хамгаалсан бөгөөд “Их чадлын синхрон хөдөлгүүрийн ашиглалтын тулгамдсан асуудлууд”, “Асинхрон хөдөлгүүрийн ачааллыг оновчтой тогтоох нь” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны 20 гаруй ажил туурвисан байна. Х.Намсрай 2009 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Техникийн шинэчлэлийн хэтийн төлөв” сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж ОХУ-ын “Братск” хотод болсон “Бүх холбоотын VI бага хурал”-д хэлэлцүүлэн эмхэтгэлд нийтлүүлсэн байна.
Доктор Х.Намсрай нь багшлах хугацаандаа олон зуун инженер мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргасан оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулсан шилдэг сурган хүмүүжүүлэгчдийн нэг байлаа. Түүний удирдсан бакалавр, магистрын зэрэгтэй судлаачид Монгол Улсын уул уурхай, эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.Мөн түүнчлэн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан бөгөөд түүний бичсэн сурах бичиг, гарын авлагуудаас томоохон бүтээлийг дурдвал “Цахилгаан хөтлүүрийн үндэс” сурах бичгийг туурвин оюутны хүртээл болгосон. “Инженерийн лавлах-9” ном туурвихад оролцож Монгол улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан болно.
Х.Намсрайн хөдөлмөр зүтгэлийг төр улс, хамт олноос нь өндрөөр үнэлж ГУУЯ-ны “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг, Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг ойн медалиуд, Эрдэнэт хотын хүндэт тэмдэг, Монгол улсын “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Эрдэнэт” үйлдвэрийн “Хөдөлмөрийн аврага” Төрийн дээд шагнал “Aлтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоортус тус шагнажээ.
Бид бүхний эрхэм хүндтэй багш— таны минь Монгол Улсын уул уурхай, эрчим хүчний салбарын хөгжил, шинжлэх ухаан боловсролд оруулсан хувь нэмэр, зүтгэсэн зүтгэл, үлдээсэн эрдмийн өв, үнэт сургаал тань үр хүүхэд, хамтран зүтгэгчид, шавь нар, бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдаж, мөнхрөн үлдэх болно.
Түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР ИХ СУРГУУЛЬ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭНХИМ
Эрдэнэт хот
2026.10.20