Эрдэнэт цогцолбор их сургуульд 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Геологи, уул уурхайн дэвшилтэт технологи, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний семинар зохион байгуулагдлаа.
Тус семинарын зорилго нь геологи, уул уурхайн салбарын дэвшилтэт технологи, судалгааны орчин үеийн арга зүй, инновацын шийдлүүдийг танилцуулах, судалгааны үр дүн, туршлага солилцох, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэв.
Семинарт БНСУ-ын Кореа их сургуулийн Дэлхий ба байгаль орчны шинжлэх ухааны тэнхимийн профессор Young Jae Lee, тус сургуулийн докторант Б.Уянга болон Эрдэнэт цогцолбор их сургуулийн Уул уурхайн тэнхимийн багш нар оролцож, судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа.
Семинарын хүрээнд дараах илтгэлийг хэлэлцүүлэв.
1. “Динамик нөхцөлд шламлаг пиритийн агаарын бөмбөлөг дээрх эрдэсжилтийн кинетик судалгаа” — Уул уурхайн тэнхимийн багш Б.Алтансолонго.
2. “What a hidden granite in Korea tells a porphyry mine in Mongolia: Exploration lessons from the giant Sangdong W–Mo skarn system” — Кореа их сургуулийн профессор Young Jae Lee. Илтгэлээр БНСУ-ын Сандонг ордын гянт болд–молибдений скарн системийн судалгаанд үндэслэн Монголын порфирын ордын хайгуулд ашиглах боломжтой туршлага, сургамжийг танилцуулав.
3. “Фото анализын арга ашиглан тэслэгдсэн хүдрийг ширхэглэлийн шинжилгээ хийх боломжийн судалгаа” — Уул уурхайн тэнхимийн багш Ш.Амгаланбаяр.
4. “PRISMA hyperspectral imagery for mapping mineralization zones associated with the Erdenet porphyry Cu-Mo deposit, Mongolia” — Кореа их сургуулийн докторант Б.Уянга. Илтгэлээр Эрдэнэтийн порфирын зэс–молибдений ордтой холбоотой эрдэсжилтийн бүсийг гиперспектрийн дүрслэлийн аргаар зураглах судалгааны чиглэлийг танилцуулав.
5. “Монголын уул уурхайн нөхөн сэргээлтэд усан үрсэлгээ технологийг нэвтрүүлэх нь” — Уул уурхайн тэнхимийн багш Ж.Даваабаяр.
Илтгэлүүд нь ашигт малтмалын ордын геологийн тогтоц, хайгуулын арга зүй, эрдэсжилтийн судалгаа, хүдэр боловсруулалтын технологи, тэсэлгээний дараах хүдрийн ширхэглэлийн шинжилгээ болон уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг хамарсан өргөн хүрээтэй байлаа.
Семинарын хэлэлцүүлгийн үеэр судалгааны үр дүн, арга зүйн онцлог, тэдгээрийг үйлдвэрлэл болон цаашдын судалгаанд ашиглах боломжийн талаар санал солилцож, Эрдэнэт цогцолбор их сургууль болон Кореа их сургуулийн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний өгүүлэл боловсруулах боломжийг хэлэлцэв.
Энэхүү семинар нь их сургалт–эрдэм шинжилгээ–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, багш, судлаач, докторантуудын судалгааны туршлага солилцоог дэмжих, геологи, уул уурхайн салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.






