ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД ШУТИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
ШУТИС-аас “Оюутны шилдэг өгүүлэл шалгаруулах” эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотноо тус сургуулийн I байранд зохион байгууллаа.
Энэхүү хуралд Эрдэнэт цогцолбор их сургуулиас дараах хоёр баг амжилттай оролцсон юм. Үүнд:
- Мэдээллийн технологийн тэнхимийн багш У.Баттулгын удирдсан тус мэргэжлийн IV дамжааны оюутан Б.Арьяабал, Г.Золбоо, Ү.Дэлгэрмаа, Т.Доржпалам нар “Монголын залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийн зөрүүг бууруулах ‘Сэтгэл’ аппликэйшнийг загварчилсан нь” сэдвээр;
- Уул уурхайн тэнхимийн багш Б.Алтансолонгын удирдсан Ашигт малтмалын баяжуулалтын технологийн III дамжааны оюутан Д.Мөнгөнсолонго, М.Анхзаяа нар “Low-tech сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан оюутнуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаанд шилдэг 16 өгүүлэл өрсөлдсөнөөс багш У.Баттулгын удирдсан Мэдээллийн технологийн IV дамжааны оюутнуудын баг ТЭРГҮҮН байр эзэлж, бахдам амжилт гаргалаа. Түүнчлэн хурлын “Шилдэг удирдагч багш”-аар Мэдээллийн технологийн тэнхимийн багш У.Баттулга шалгарсан байна.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөр, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!