Монголын эмэгтэй инженер, технологич, математикч, эрдэмтдийн нэгдсэн холбооны 9-р чуулга уулзалт Төрийн ордонд боллоо. Тус чуулга уулзалтыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монголын Эмэгтэй Инженер, Технологич, Математикч Эрдэмтдийн Холбоотой хамтран “Боловсрол, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэржилт” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тус чуулганаар эмэгтэй эрдэмтэд УИХ-ын гишүүн Ч. Ундрам, Д. Үүрийнтуяа, МЭИТМЭ-ийн Нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ж. Туяацэцэг нарын илтгэлийг хэлэлцлээ.
МЭИТМЭ-ийн нэгдсэн холбоо нь 2012 оноос эмэгтэй эрдэмтдийн үйл ажиллагааг дэмжин улс орны хөгжил, инженерийн бүтээн байгуулалт болон шинжлэх ухаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой үүсэн байгуулагдаж 2015 оноос жил бүр хуран цугларч бүтээсэн ажлаа дүгнэж, шинэ санаа, инновацийн талаарх ололт амжилтаа хуваалцаж, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсохоор гишүүдийн чуулга уулзалтаа зохион байгуулсан. Эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн холбоо одоогийн байдлаар нийт 21 удирдах зөвлөлийн гишүүд, 600 идэвхтэй гишүүдтэйгээр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Багануур гэсэн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
ШУТИС-ийн Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн СШУТ-ийн багш Доктор Дэд профессор Б. Энхцэцэг 2015 онд Эрдэнэт хотноо тус байгууллагын анхны салбарыг үүсгэн байгуулалцсан бөгөөд салбарын дарга, тэргүүлэгч гишүүнээр ажиллаж амжилт гаргасан тул Шинжлэх Ухааны академийн хүндэт шагнал Шинжлэх Ухааны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа. Доктор Дэд профессор Б. Энхцэцэгт баяр хүргэж сурган хүмүүжүүлэх үйлс, эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсье.