Монголын 3 их сургууль, Вьетнамын 7 их сургууль, Бүгд Найрамдах Франц Улс болон Бүгд Найрамдах Словак Улсын их, дээд сургуулиудтай хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй Цахим шилжилт төсөл-ийн хүрээнд “DIGITAL WEEK – 2025” арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 4–5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь Монголын дээд боловсролын байгууллагуудын дижитал шилжилтийн бодит хэрэгжилт, технологийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, туршлага солилцох зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
Арга хэмжээний эхний өдөр “Digital Innovation & Education” сэдвийн хүрээнд дараах чиглэлүүдээр сургалт, хэлэлцүүлгүүд өрнөлөө. Үүнд:
- Дээд боловсрол дахь дижитал шилжилт: процессын дахин загварчлал ба системийн шинэчлэл
- Хиймэл оюуныг сургалтын контент бүтээхэд ашиглах боломж
- Цахим сургалтын экосистемийг хөгжүүлэх шийдлүүд
- E-Mongolia системийн дээд боловсролын салбар дахь хэрэглээ
- Мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалтын асуудлууд
Эдгээр сургалт, хэлэлцүүлэгт их, дээд сургуулиудын төлөөллүүд оролцож, цахим шилжилттэй холбоотой туршлага, санал бодлоо хуваалцлаа.
Тухайлбал, Шинжлэх ухаан, технологийн их сургууль-ийн Менежментийн сургуулийн Бизнесийн сургуулийн тэнхимийн дэд профессор М.Бурмаа, Ph.D “Дээд боловсролын байгууллагуудын дижитал шилжилтийн бэлэн байдал: сорилт ба боломж” сэдвээр Азийн орнуудын их, дээд сургуулиудын цахим шилжилтийн харьцуулсан судалгааг танилцуулсан бол “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч А.Түвшинжаргал “Дээд боловсролын салбар дахь цахим шилжилтийн шилдэг туршлага” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв
“DIGITAL WEEK – 2025” арга хэмжээ нь “Digital Skills & Creativity” сэдвийн хүрээнд төслийг хамтран хэрэгжүүлэгч их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдах “DIGITAL MOVE DATA ANALYTICS MINI CHALLENGE” оюутны тэмцээнээр үргэлжлэх бөгөөд уг тэмцээн нь дижитал ур чадвар, стратеги төлөвлөлт, багийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна.