Эрдэнэт цогцолбор их сургууль болон Эрдэнэт KOSEN-ийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадвар, япон хэлний мэдлэгийг хөгжүүлэх, Япон Улсад дадлага хийх болон цаашид мэргэжлээрээ ажиллах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ хамтын ажиллагааны боломж нээгдэж байна.
Японы Planning Saw (PSAW) байгууллага нь Tokyo Denki University (TDU) болон Японы аж ахуйн нэгж, төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран 「学ぶ × 働く × 成長」– “Суралцах × Ажиллах × Хөгжих” үзэл баримтлал бүхий “Хил дамнасан инженерийн хүний нөөц бэлтгэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус төсөл нь Монголын инженерийн чиглэлийн суралцагчдыг Японы их сургууль, компаниудтай холбон:
мэргэжлийн болон япон хэлний сургалтад хамруулах
Tokyo Denki University-ийн тусгай сургалтад суралцах
кредит харилцан дүйцүүлэх боломжийг бүрдүүлэх
Японы компаниудад дадлага хийх
мэргэжлийн ур чадвар, шаардлагатай мэргэшил эзэмших
төгссөний дараа Японы компанид инженерээр ажиллах боломжтой холбох
эх орондоо эргэн ирсний дараах карьер хөгжлийг дэмжих
зэрэг суралцахаас эхлээд ажил эрхлэлт хүртэлх цогц тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм.
Иймд энэхүү төслийн хүрээнд эхний шатанд Эрдэнэт KOSEN-ийн оюутнуудыг Японд мэргэжлийн дадлага, сургалтад хамруулах, цаашлаад төгсөгчдийг Японы компаниудад мэргэжлээрээ ажиллах боломжтой холбох чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Суралцана. Ажиллана. Хөгжинө.
Инженерийн боловсролоос олон улсын карьер руу.


